УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдсан. тэгвэл бүлггийн хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл өглөө.
Юуны түрүүнд АН бүлгийн хуралдаанаар өнөөдрийн нийгэм, улс төрд үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцжээ. Улмаар АН-ын Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, бүлэгт тогтоол хүргүүлснийг хэлэлцэж, зөвлөмжийн дагуу АН-ын бүлэг цаашид үүсч буй улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ыг тараах, үүнд УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллахыг сануулсан. Тиймээс АН-ын бүлгийн гишүүдийг энэ зөвлөмжийг дагаж, санаачлагатай ажиллах болно. 2016 оны сонгуулиар үнэмлэхгүй суудал авсан МАН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх чадамжгүй болсон, 2016 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй нь тодорхой болсон. Энэ урт хугацаанд УИХ-ын чуулган хуралдаагүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй нь Засгийн газар, УИХ хоорондын хагарал, үл ойлголцлоос болсон. Энэ нь олон удаагийн үйлдлээр нотлогдож байна. МАН-ын хагарал төрийн институци хоорондын зөрчил юм. Эрх баригчдын дотоод хагарлыг нэн яаралтай зогсоох шаардлага бодит үнэн болсон. Хагаралын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбумын схем болон түүнээс үүдсэн авлига, олон сөрөг үр дагавартай шууд холбогдож байгааг бид хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Асуудал хуримтлагдсан ч гарах шийдэл байхгүй болсон. МАН-ын хагарал, дотоодын бүлэглэл хоорондын хагаралыг зохицуулах ямар ч боломжгүй болсон. 60 тэрбумаас үүдэлтэй олон асуудал бий болсон, төрд. Төрийн сангуудаас зохион байгуулалттай хулгай хийсэн, үүнд нь Засгийн газар өөрөө оролцсон. 60 тэрбумын асуудалд ч МАН-ын удирдлагууд оролцсон. Хууль хяналтын байгууллагыг ч талцуулж, бүх бузар зүйлдээ өшөө авах хэрэгсэл болгож байгаа нь энэ төрийн институцийн хувьд дампууруулж байна. Тиймээс асуудалд бодитой хандах АН-ын байр суурийг бид бататгана. Ард түмний төрд итгэх итгэл унасан. Энэ үед өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг бий болгож болзошгүй байна. УИХ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа нь энэ хагарал хэзээ ч эвлэхгүй гэдгийн дохио юм. АН-ын бодлогын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль санаачлах ажилдаа АН-ын бүлэг маргааш орно. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. Шударга ёсыг тогтоох, төрийн институцийн тогтвортой байдлыг хангах үүднээс одоогийн УИХ тарж, дараагийн парламентыг бүрдүүлнэ." гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа "МАН төрийн эрх мэдлийг гүйцэтгэх үйл ажиллагаагаа цаашид хийж чадахгүй болсон учраас УИХ-ыг тарааж, ээлжит бус чуулганыг зарлах Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр болж байна. МАН анх 65 суудал авч, ард иргэдээс төрийн эрх барина гэж итгэл авахдаа 316 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Өнөөдөр үүнээс 35 зүйл буюу 11 хувь нь л биелсэн байна. Өнгөрч байгаа хугацаанд үлдсэн мөрийн хөтөлбөр нь хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Ардчилсан нам нэгэнт эвлэрэхгүй болсон МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй юм байна. Тиймээс энэ УИХ-ыг тараахад өөрсдөө оролцооч гэдгийг хүсч байгаа юм. АН сөрөг хүчний хувьд энэ Засгийн газар долоон удаагийн шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй. Мөн ЖДҮХС-ийн зээлийн асуудал байна. Төсвийн зарлагын хяналтын хорооноос ЖДҮХС болон бусад сангуудийг шалгаж, хуулийг нь шинэчилж шалгах үүргийг 2017 онд өгч байсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах, валютын ханшийн өсөлт зэрэг олон асуудлаар УИХ дээр ярилцах асуудал байгаа ч өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон байна. Тиймээс одоогийн УИХ тарж, шинэ парламентыг бий болгох нь зүйтэй" гэсэн юм.
Мөн тэд "УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл УИХ-ыг тараадаг. Энэ нь өөрөө их өндөр босго шүү дээ. Гишүүд дэмжих болов уу?" гэсэн асуултад "Сүүлийн үед шударга ёс яриад байгаа гишүүдэд хамгийн түрүүнд хандах хэрэгтэй. Бидэнд хууль санаачлах эрх нь нээлттэй байгаа. Үнэхээр шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол энэ хуулийг дэмжих нь зөв. УИХ-ын даргыг огцруулах саналыг дэмжиж байгаа 40, Ж.Мөнхбат гишүүний саналыг дэмжсэн 11, тэгээд Ардчилсан нам нэмэгдвэл тарахад хүрэх байх" гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа гарах өргөдлийн тухайд "Ардчилсан намын бүлэг байгаа, тиймээс ч өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргаад та бүхэнд танилцуулж байна. Л.Болд гишүүн АН-ыг шинэчлэгдтэл түдгэлзэх хүсэлтээ намын удирдлагад өгсөн. Намаас түдгэлзэх эсэх асуудлыг намын дунд шатны байгууллага шийдвэрлэдэг. Одоогоор дунд шатны байгууллагад өргөдөл ирээгүй .Л.Болд гишүүний хувьд үнэхээр намаасаа гарах эсэх асуудлаар нэг талдаа гарах хэрэгтэй. Төв намаас түдгэлчхээд дунд шатны намдаа өргөдлөө өгөхгүй байгаа юм" хэмээсэн.