Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүргийг Засгийн газраас өглөө. Ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүнийг албажуулж, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлэх ажээ. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр холбогдох газрын удирдлагуудад өгсөн байна. ЗГХЭГ-ын дарга энэ тухай хэлэхдээ “Ирэх лхагва гарагт Засгийн газар хэд хэдэн асуудлыг шийднэ. Хамгийн эхэнд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ. “Монголросцветмет” ХХК-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ыннхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ бүхнийг хэлэлцэнэ. Бүх бэлтгэлийг хангасан байх ёстой” гэсэн байна.
Мөн тэрбээр Салхитын мөнгөний ордыг ашиглах, эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч бас ханга. Үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх хэрэгтэй байна. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй бол та бүхэн өргөдлөө өгөх хэрэгтэй" гэжээ.