Женко Топор хоёрын хоршил хэр удаан үргэлжлэх бол

Ардчиллын “алтан хараацай”-нуудын нэг Э.Бат-Үүл хатуу боловч үнэн үгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглажээ. Тэрбээр “...Монголын төрийг намын шийдвэрээр удирдах явдлыг 90 оны ардчилсан хувьсгалаар халсан. Түүнээс хойш намын шийдвэрээр төрийг хэргийг удирдах гэсэн завхруулга намуудын зүгээс олонтаа гарч байлаа. Хэдий тийм ч чухам төрийн тэргүүн нь намын шийдвэрийг “ил барьж гүйсэн” тохиолдол ардчиллын үед хэзээ ч гарч байгаагүй. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга маань МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “даалгавар”-аар хуулийн төсөл өргөн барилаа. ГАЙХМААР...” хэмээжээ.

Үнэндээ сүүлийн үед улс төрд үүсээд буй үйл  явцыг харвал энэ мэт ГАЙХМААР үйл явдал олон өрнөж байгаа. Түүний нэг нь яах аргагүй Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн гэх УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.   

Уг нь энэ хуулийн төслийг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч маань яаран сандран оруулж ирэх шаардлага байгаагүй л дээ. Харин М.Энхболдыг огцруулна хэмээн бойкот хийж буй ЖДҮҮЧИН 40 гишүүн болон тэдний ар тал нь болох Засгийн газрын тэргүүн санаачилж улмаар өргөн барих боломж бүрэн байв. Учир нь энэ тухай хуульчид хэлж “УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүнийг хуулийн төслөө оруулж ирээд, батлуулах хэрэгтэй. Тэгж байж асуудал хуулийн хүрээнд шийдэгдэнэ” хэмээн зөвлөж байв. Харамсалтай нь ийм боломж байсаар атал Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг яаран өргөн барьсан нь Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн үнэхээр  ГАЙХМААР үзэгдэл. Бас түүний томъёолсноор Ардчиллын түүхэн дэх хамгийн байж боломжгүй үзэгдэл бас ухралт байлаа.

Нөгөө талаар энэ үйл явдлаас Монгол Улсад эрх мэдэлд хүрэх гэсэн хоёрхон хүний шуналаас болж МАН, АН гэх улс төрийн нам үндсэндээ үгүй болсон нь харагдав. Улмаар ЖЕНКО, ТОПОР гэсэн хоршил ил цагаандаа гарч бүр төрийн эрх мэдлийг гартаа оруулахаар хэн хэн нь улайрч байгаа нь ч тодорхой харагдав. Хамгийн аймшигтай нь бүх эрх мэдлийг гартаа оруулах гэсэн тэдний энэ хоршил МАНАН-г устгах гэсэн олонд таалагдсан уриатай ч үнэн хэрэгтээ хэнийг ч яаж ч мэдэх цоо шинэ МАНАН-г өлгийдөн авч буйгаараа, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн гэдгээрээ бас энэ үйлдлээрээ өөрсдийгөө эрх мэдэлд ямар их дуртайг тунхагласнаараа аймшигтай байлаа.

Уг нь тэд үнэхээр л шударга ёсны төлөө тэмцэхээр ганзага нийлсэн бол ганцхан М.Энхболдтой ноцолдох бус давхар ЖДҮҮЧИН гишүүдтэйгээ ч ноцолдох хэрэгтэй байлаа. Тэдэнд хариуцлага тооцож УИХ-ыг тараах цаашлаад ард түмнээр дахин дүн тавиулах нь тэдний яриад байгаа жинхэнэ шударга ёс тогтохын эхлэл болох байв. Гэвч тэд тэгсэнгүй. Харин ч УИХ-ын чуулганы хуралдааныг зохион байгуулалттайгаар хоёр сар гаруйн хугацаанд гацааж, жагсаал зохион байгуулж тэр ч бүү хэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ыг тараана хэмээж байсан Ерөнхийлөгч маань хүртэл энэ асуудлаар амаа хамхив. Бас 60 тэрбумын гэх асуудлаар ЖДҮҮЧИН гишүүдийн асуудлыг мартагнуулах гэж хичээж буй нь тэдний ярьж шударга ёсны хэмжүүр юм уу даа. 

Иймээс л тэдний эрх мэдлийн төлөөх энэ хоршил хэн хэн нь ямар үр дүнд хүртлээ хэр удаан хугацаанд үргэлжлэх бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Магадгүй тэд энэ удаад М.Энхболдыг хууль бус аргаар ч хамаагүй суудлаас нь буулгалаа гэхэд Монголын улс төрд тийм ч удаан ганзага нийлэхгүй нь үнэн. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулж өөрийн эрх мэдлийг зузаатгах алсын мөрөөдөлтэй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгодог парламентын тэргүүн байх туйлын зорилготой. Товчхондоо бол тэдний хэн хэн нь ХААН болох далд хүсэлтэй. Иймээс л энэ удаагийн УИХ-ын даргыг суудлаас нь буулгах ажиллагааны дараа ЖЕНКО, ТОПОР хоёрын бие биенээ давах гэсэн эрх мэдлийн төлөөх тулаан эхэлнэ. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн М.Энхболд руу “боргосон” яг л тэр тактикаараа У.Хүрэлсүх рүү дайрна. Ингэхдээ АН-ынхантай хүч хавсарч түүнийг унагахыг хичээнэ. Бас АН-ын дарга С.Эрдэнийн “Ярихаас өөр юу ч хийгээгүй Ерөнхий сайд” хэмээн цоллосон нь, "намынхаа гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллаж чадаагүй дарга" гэсэн жирийн гишүүдийн шүүмжлэл У.Хүрэлсүхийн толгой дээр бууна. Бас бусдын сул талыг алдалгүй агнах БАГ-тай ЖЕНКО өөрийнхөө эрх мэдлийг гүйцэлдүүлэхийг тулд ТОПОР-ыгоо яаж ч мэднэ. Товчхондоо тэр үед Х.Баттулгын дайралтыг У.Хүрэлсүх хэрхэн яаж зогсоохыг тэнгэр л мэдэх байх. 

Харин тэр үед У.Хүрэлсүхийн үхтэл хамгаалаад байгаа ЖДҮҮЧИД болоод одоо нүд үзүүрлээд байгаа намын нөхөд түүнд тус болно гэдэг юу л бол.