УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр хуулийн төсөл өргөн мэдүүлэх гэтэл бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хойшилсон юм уу?
-Тэгсэн. Би хэлээд байгаа шүү дээ. Хууль тогтоолын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж. Ерөнхийлөгчийн Тамгын газраас манайд хуулийн төсөл ирүүлсэн. УИХ-ын Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг хянаж үздэг. Тэгээд тухайн төсөл хуулийн төсөл боловсруулах талаар хуульд заасан шаардлагыг хангасан, холбогдох бусад материалыг хавсаргасан, нэг үгээр бүрдэл нь хангагдсан байна гэж үзвэл өргөн мэдүүлдэг журамтай.
-Тэр төслийг өнөөдөр өглөө өргөн барьсан уу?
-Тийм. Хуулиараа бол УИХ-ыхн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах учиртай юм. Ингэснээр тухайн хуулийн төслийг Тамгын газрын мэргэжилтнүүд буюу мэргэжлийн хуульчид хүлээн авч үзэж танилцаад шаардлага хангасан гэж үзвэл өргөн барьдаг зохицуулалттай. Түүнээс биш шууд УИХ-ын дарга руу орж, хууль тогтоомжийн төслөө өгдөг хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ. Хуулийн дагуу бид бүрдлийг нь хянадаг. Тэгээд болж байна гэж үзвэл УИХ-ын даргад хэлээд улмаар УИХ-ын дарга төслийг хүлээн авах тов тогтоодог. Ийм л хууль, эрх зүйн зохицуулалттай. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сая төслийг өргөн мэдүүллээ. Бид хянаад бүрдэл хангасан гэж үзсэн.
- Хоёр хуулийн төсөл гэсэн мэдээлэл байна. Хэзээ хэлэлцэх бол?
-Бүх зүйл хуулийн дагуу явна. Өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой. Тиймээс УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх шаардлагатай. Үүний тулд УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэх ёстой. УИХ-ын бүх үйл ажиллагааг хуульчилж зохицуулсан байдаг учраас хуулийн дагуу асуудал хэлэлцэгдээд явах учиртай.
- УИХ хуралдахгүй байвал яах вэ?
-Улс төрийн шаардлага тавьсан байгаа. Хуулиа хэлэлцээд батлах юм бол тавиад байгаа улс төрийн шаардлага арилах байх. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн бариад байна, тийм учраас гишүүд хуралдаа оролцож, чуулган хуралдах болов уу гэж бодож байна.