Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж түүнийг нь ЕТГ-ын дарга З.Энхболд өргөн барьсан. Энэхүү төсөл нь УИХ-ын гишүүдийн олонхи нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай юм. Тэгвэл эхүү төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Үүнийг нь УИХ авч хэлэлцэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж мэдэгдэж байна. АН-ын бүлэг ирэх долоо хоногт бүлгийнхээ хурлаар энэ төслийг хэлэлцэж шийдвэрээ гаргана. Энэ хуулийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой юу гэвэл хэлэлцэх ёстой. Энэ хуулийн төсөлд дутагдалтай зүйл байгаа юу гэвэл байгаа. Энэ нь юу вэ гэвэл, УИХ-ны дархлаа суларчих вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Хуульгүйгээр хийгдэж байгаа үйлдэл бүхэн төрийн эрхийг хууль бусаар авахтай адил сонсогдож байна” гэв.
Мөн тэрбээр “УИХ-ын үйл ажиллагаа олон долоо хоног явсангүй. Төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Үүнээс гарах гарц бол УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө тарах юм. Үүнийг ард түмэн хүсэн хүлээж байна. Бид уг асуудлыг ирэх нэг дэх өдөр бүлгийнхээ хурлаар ярилцана” гэжээ.