МАН-ын бүлгийн дарга чуулганыг түр хойшлуулах хүсэлт гаргаснаар олонхийн бүлэг хуралдахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сүүлийн дөрвөн долоо хоног буюу жил дамнан хуралдаж чадаагүй байсан бөгөөд өнөөдөр ээлжит хуралдаан товлогдсон байсан. Чуулганы хуралдааныг 10.35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, яаралтай хэлэлцэх ёстой олон чухал асуудал байгааг гишүүдэд сануулсан. Үүний дараа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр, “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм. Ингээд чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хувьд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа 30 гаруй гишүүнтэйгээ уулзаж ярилцахаар болжээ. Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, чуулганаар хэлэлцэхээр хүлээж байгаа олон чухал асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн аж. Тиймээс МАН-ын бүлгийн дарга бүлгээ хуралдуулах, цаашид байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдүүлж, үйл ажиллагааг тасалдуулахгүй байх талаар намын бүлгийнхээ хоёр хуваагдсан гишүүдтэй уулзалт хийсний дараа бүлэг хуралдахаар болжээ.