Нэгдүгээр сарын 1-нээс дараахь хуулиудад өөрчлөлт орлоо

2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн шинэчлэн найруулсан хэд хэдэн хууль хэрэгжиж буй. Тиймээс ямар хуульд өөрчлөлт орсон талаархи мэдээллийг хүргэж байна. 

Яамны ТНБ болон түүнтэй адилтгах бусад албан тушаалд төрийн албанд 16-гаас доошгүй жил ажилласан хүнийг томилно 

Энэ сарын 1-нээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулсан хууль хэрэгжиж буй. Тус хуулийг гурав дахь удаагаа шинэчлэн баталсан бөгөөд 23 бүлэг, 77 зүйлтэй юм.  Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байгаа аж. Тус хуулийн чухал заалтуудын нэг нь төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага юм. Үүнд:

  • Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байхбөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлага тавьж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болов 

Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргасан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хугацааг нь заасан тул энэ сараас эхлэн цалингийн доод хэмжээ нэмэгдэж байна. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байсныг энэ сараас эхлэн нэмж, 320 мянган төгрөг болгож байна. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа тухай албаныхан мэдээлсэн. Юутай ч давхардсан тоогоор 1.1 сая хүн халамжид ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа бөгөөд үүнийг цэгцэлж, зорилтод бүлгийг оновчтой тодорхойлж, тэтгэвэр, тэтгэмжийг хэмжээг нэмэх ажээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өснө

УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэхээр болсон. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулахаар заасан бөгөөд 2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өснө. 2017 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, энэ онд 11 хувийг төлж байгаа бол ирэх оноос эхлэн 11.5 хувийг төлөх юм.

Орон нутгийн ИХТ-ын төлөөлөгчид давхар ажил эрхлэнэ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж байна. Хуулийн чухал агуулга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албан хаагчаар давхар ажиллаж болох юм.

Нэг, хоёрдугаар анги туслах багштай болно

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль зургаан бүлэг 18 зүйлтэй. 2018 оны зургадугаар сард баталсан уг хууль өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид үйлчилнэ. Хуулийн онцлох заалтаас дурдвал багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байх ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно гэх заалтууд юм.Мөн бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байх бөгөөд үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулах юм. Багшийн хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

МСҮТ-ийн оюутнууд "цалин"-тай болж байна

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутан залууст сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Сонирхуулахад, Монгол Улсад 90 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад жил бүр 40 мянга гаруй  оюутан 180 гаруй мэргэжлээр суралцдаг байна.  Ингээд жилд 19-20 мянга орчим мэргэжилтэй ажилтан төгсч, төгсөгчдийн 60-ааc дээш  хувь нь байнгын ажлын байртай болдог ажээ. Мэргэжлийн болон техникийн сургалт эзэмшүүлэх байгууллагууд нь чиг үүргээсээ хамаарч сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж гэсэн ангилалтай байдаг.

Хэрэглээний зээлийг ингэж олгоно 

Монголбанк иргэдийн хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Мөн иргэдийн хэрэглээний зээлд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоосон юм. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн сарын үндсэн болон хүүний төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй болсон. Түүнчлэн шинээр зээл авч байгаа хүнд уг шийдвэр үйлчлэх бөгөөд одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд өөрчлөлт оруулав

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ямар тохиолдолд албадан эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг тус хуульд нарийвчлан тусгасан юм.

 

Архи, тамхины албан татвар таван хувиар нэмэгдлээ 

 

Тамхи, согтууруулах удааны татварыг  2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэхээр тооцож байгаа юм. Өмнөх 2018 онд тамхи, согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмсэн юм. 2019 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна.

Нийлэг буюу гялгар уутны хэрэглээг гуравдугаар сараас хална  

Засгийн газар нийлэг уутны худалдааг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Нийлэг буюу нэг удаагийн, гялгар уут хэмээн нэрлэгддэг уутны хэрэглээг хориглох шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавих ажээ.

Бүх төрдийн мод модон хийцийг НӨАТ-аас чөлөөллөө 

Бүх төрлийн түлшний зориулалтын мод, барилгын модон угсармал зэргийг өнөөдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-аас чөлөөлж байна. Харин ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалин зэрэг нь үүнд хамаарахгүй юм. ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах  явдлыг зогсоох зорилтой юм.