Улиран одсон 2018 оны улс төрд онцлох үйл явдлын ТОП нь УИХ-ын даргыг суудлаас нь буулгах гэсэн элдэв өрнөлтэй жүжиг байлаа. Учир юу гэвээс урд өмнө нь, Монголын улс төрийн түүхэнд нэг хүний эсрэг ийм хүчтэй хар пи-ар өрнөж, нэг хүний эсрэг ийм олон зохион байгуулалттай жүжиг дэглэгдэж, нэг хүний эсрэг өдөр алгасахгүй шахам ийм их доромжлол, гүтгэлэг өрнөж байсангүй. Гэвч М.Энхболд гэдэг хүн энэ бүхний эсрэг ган хийсэнгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлав. Бас өөрөө үлгэрлэв. Ингэснээр тэрбээр өнөө цагийн лидер улстөрч юм байна гэдгээ батлан харуулав.
Үнэндээ бол түүнийг суудлаас нь буулгана хэмээн сүржигнэсэн улстөрчид ярьсан хэлсэн шигээ жинхэн эх орончид уу гэвэл үгүй. Тухайлбал, ард түмний төлөөлөл болж УИХ-ын гишүүн болсон 40 иргэн ЖДҮХС-гаас зээл авсан. Энэ тухай мэдээлэл нь олон нийтэд ил болмогц М.Энхболдыг албан тушаалаас нь буутал хуралдаа суухгүй хэмээн бойкот зарласан. Харамсалтай нь, тэдний чин хүсэл нь УИХ-ын даргын суудалд суусан М.Энхболдыг огцруулж Монголын төрийг цэвэрлэх бус харин чуулган хуралдвал УЕПГ-аас ЖДҮүчин алдрыг хүртээд буй тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг ээлж дараалан оруулж ирнэ гэснээр худал тавилттай жүжгийн туслах дүрд тэд өөрсдийн мэдэлгүй тоглож эхэлсэн гэвэл үнэнд ойртоно. Бас тэднээс болж УИХ-ын чуулган найман удаа хойшилж, улс орны өмнө чухал шаардлагатай олон асуудлыг хэлэлцэж чадалгүй гацаанд орсон. Хамгийн харамсалтай нь үүний хорирогч нь тэд биш Монголын ард түмэн гэж бодохоор нэн яаралтай хариуцлагын асуудлыг ярьж, цаашлаад УИХ-ын гишүүдийг эгүүлэн татмаар байгаа юм.
Бас энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж, жүжгийн гол дүрд тоглож буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын үнэн төрх ч бас яг л ийм. Учир нь тэдний хамаарал бүхий хүмүүс мөн ЖДҮХС-гаас зээл авсан. Авсан нь тодорхой учраас хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Харамсалтай нь тэд мөн л М.Энхболд гэдэг хүний албан тушаалыг барьцаа болгож эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд үхэн хатан зууралдаж байна. Нөгөө талаар тэд том улстөрчийг тойрч сэлж байгаад тодорч гарч ирнэ хэмээн итгэсэн жижигхэн жарайхайнууд шиг харагдаад байгаа юм. Бас “шударга үнэний төлөө, “60 тэрбумын эсрэг” хэмээн тэд хашгичиж буй ч тэр нь өөрсдийнх нь хэлээд байгаа шиг шударга үнэний дуу хоолой биш. Яг л нөгөө жинхэнэ хулгайч бантахдаа “хулгайчийг бариарай” хэмээн хамгийн түрүүнд хашгирдаг гэдэг шиг үйл явдал. Мөн тэд өнөөх нь Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нараар хүрээгээ тэлж өөрдсийн туслах дүр болгосон нь олны итгэлийг бүрч алдаруулж, санаа зорилгыг нь ч тодорхой болгож байх шиг. Товчхондоо тэдний үйлдэл нь ЖДҮС-гийн дуулианыг М.Энхболдоор унтраах гэсэн улайрал гэдэг нь бүр ч ил тод харагдаад эхэллээ.
Түүнчлэн урд өмнө Монголын улс төрийн түүхэнд ганцхан хүний эсрэг 3000 гаруй хүн оролцсон жагсаалыг зохион байгуулж байсан түүх мөн л байхгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн дарангуйлал, ажлын байр, утааны эсрэг бус зөвхөн ганцхан хүний албан тушаалын эсрэг жагсаал шүү. Бас төрийн эрх барьж буй МАН-ын дарга нь сөрөг хүчнээс сонгогдсон төрийн тэргүүнтэй нийлэн намдаа энэ ялалтыг авчирсан хүнийхээ өмнөөс тургилж тараа таниулсан ядруухан улс төр урд өмнө нь бас л болж байгаагүй юм. Энэ бүхнээс харахад М.Энхболд гэдэг хүн лидер юм байна гэдэг нь бас л харагдана.
Үнэндээ ЖДҮүчдийн шаардаад байгаа шиг М.Энхболд гэдэг хүн албан тушаалаа өгвөл юу өөрчлөгдөх гэж. Ард түмний амьдрал сайжирч ажлын байр нэмэгдэх үү. Улаанбаатарчуудын толгойны өвчин болсон утаа арилах уу. Бас өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжиж ард түмний амьдрал тэгшрэх үү. Бас улс төрд үүссэн гэх МАНАН арилах уу. Харин ч үгүй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мөнгийг булаасан ЖДҮүчид маргааш жирийн иргэдийнхээ хоолыг ч булааж мэднэ. Түүнийг дагаад улс төрийн тогтворгүй байдал үүсч, төр үймж мэднэ. Үүнийг дагаад улс төрийн МАНАН-гууд улам хүчээ авна. Цаашлаад Монгол Улс ШХАБ-д нэгдэж мэднэ. Яагаад гэвэл энэ тухай УИХ-ын дарга нэг бус удаа хэлж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ мэт асуудлаас болж ганцаарддаг тухайгаа дуулгаж байсан. Тэгэхээр магадгүй М.Энхболд гэдэг хүн албан тушаалаасаа буувал түүнийг суудлаас нь буулгасан нөхдүүд Монгол Улсыг ШХАБ-д элсүүлж, улмаар бид хоёр хөршдөө барьцаалагдвал яах вэ. Хэрэв тэгвэл Монгол Улс яах вэ. Бидний үр хүүхэд яах вэ. Бодох л асуудал.
Үнэндээ М.Энхболдыг суудлаас нь буулгавал юу өөрчлөгдөх гэж...