100 хувь Хятад компанийн мэдэлд байсан Салхитын ордын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар, салбарын яам болон энэ салбарыг хариуцсан агентлагийнхан мөн тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тусгай ажиллагаа явуулжээ. Ингэхдээ аймгийн прокурорын хяналтын дор тус аймгийн Гурвансайхан суманд байдаг мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

 

Албаныхны мэдээлс нээр дээрх ордын тусгай зөвшөөрлийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байсан төдийгүй үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон зэрэг олон хууль бус асуудалд холбогдсон байжээ. Мөн орон нутгийн удирдлагууд тус компанийн үйл ажиллагааг шалгаж чаддаггүй байсан тухайгаа тусгай ажиллагаа явуулах үеэр хэлсэн байна.  

Юутай ч зарим эх сурвалж энэ ордыг эзэмшиж байсан компани нь ТЕГ-аас шалгагдаж буй 1,3 сая долларын хахуулын мөнгөний хэрэгтэй ч холбоотой байж болзошгүй гэцгээж байгаа. Учир нь, саяхан баруун дөрвөн замд байрлах "Голомт" хотхонд манай тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, хятад иргэдийг баривчилсан бөгөөд энэ асуудалтай холбоотой байж магадгүй гэцгээж байна. 

Дашрамд мэдээлэхэд Салхитын мөнгөний ордын батлагдсан мөнгөний нөөц нь 770 мянган тонн.  Мөн алт, газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн тус компани 154 мянган тонн  хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон байна. Мөн тус орд нь 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлтэй байсан бөгөөд нийтдээ 200-аад метрийн гүн ухах уурхай одоогоор 60 гаруй метр гүн ухсан байжээ.