УИХ-ын чуулган өнөөдөр хуваарийн дагуу 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд 35 гишүүн ирж ирц 46.7 хувьтай байв. Иймээс энэ оны хамгийн сүүлийн чуулганы нэгдсэн хуралдааныг цуцаллаа. Ингэснээр УИХ-ын чуулган найм дахь удаагаа хойшилж, товлогдсон асуудлаа хэлэлцэж чадахгүй дөрөв дэх долоо хоногоо үдэж байгаа юм.
Түүнчлэн МАН-ын 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй бөгөөд өчигдөр УИХ-ын таван гишүүн Сүхбаатарын талбайд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан. Харин холбогдох байнгын хорооны хурлаар УИХ-ын даргыг огцруулах шаардлага нь хуульд нийцэхгүй байна гэж буй.
Мөн УЕПГ-аас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдвал ЖДҮХС-аас зээл авсан хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.