ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийг эсэргүүцсэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон АТГ-т хандаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингэхдээ ЖДҮХС-гаас зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэж байсан. Тэгвэл өнөөдөр “ЖДҮ-ийг дэмжигчидийн холбоо" болон “Бид өөрчлөхгүй хөдөлгөөн”-өөс АТГ-т шаардлага хүргүүллээ. Тэд мөн л тус сангаас хууль бусаар зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдийг авсан зээлээ нэн яаралтай төлөхөөс гадна хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг АТГ зэрэг хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаардаж байна гэсэн юм.
Энэ тухай ЖДҮ-ийг дэмжигчдийн хөдөлгөөний зохицуулагч Х.Болдмандал сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Монгол Улсын гурван сая иргэний ажил амьдралыг өөд нь татах хүсэл эрмэлзлийг хулгайлсан УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг манай хөдөлгөөн болон “Бид өөрчлөхгүй хөдөлгөөн”-өөс АТГ-аас шаардаж байна. Шаардлага хүргүүлж байна” гэсэн юм. Тэрбээр цааш нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой атал ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэйгээ үгсэн хуйвалдаж байна. Ингэхдээ У.Хүрэлсүх тэдэнд найр тавьж “Та нар авсан зээлээ төлөөд, уучлалт гуйчих” гэх маягаар асуудалд хандаж байна. Тийм шударга ёс байхгүй. Хууль бусаар ЖДҮХС-гаас зээл авсан л бол тэдгээр бүх албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх улмаар эрх бүхий байгууллагаар нь шалгуулан гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай гэсэн юм.
Түүний мэдээлснээр:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР
- “Эмийн үйлдвэр” ХХК-иар – 1.2 ТЭРБУМ
- “Асрал хайрхан” ХХК-иар – 1.7 ТЭРБУМ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
- “Хантай хайрхан” ХХК-иар – 1 ТЭРБУМ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
- “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000
- “Хаганат” ХХК-иар – 195.000.000
Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН
- “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
- “Өлзий дээс” ХХК-иар – 500.000.000
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЬЯАБАЗАР
-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ИАР – 500.000.000
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
-“Баян таван тэс” ХХК-иар – 250.000.000
- “Баруун загвар” ХХК-иар – 160.000.000
Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа ЖДҮХС-гаас 600.000.000 төгрөг авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон бол дахин өөрийн хамаарал бүхий хоёр компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан баримт дэлгэгдлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.БАТЗОРИГ
-“Тээвэр ачлал” ХХК-иар – 1.4 ТЭРБУМ
Зам тээвэр, хөгжлийн сайд асан Я.СОДБААТАР
-“Эпонта анарваан” ХХК-иар – 1.2 ТЭРБУМ төгрөгийн зээлийг тус тус хулгайлсан нь санхүүгийн хөдөлшгүй баримтаар нотлогдоод байгаа ажээ.