Түмнийг тохуурхсан төлбөртэй жагсаалын үнэн

Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд иргэний хөдөлгөөний хэдэн нөхөртэй хамтран маргааш төв талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Сураг сонсох нь ээ энэ жагсаал нь урд өмнө нь болж байгаагүй утга төгөлдөр гэх. Тодруулбал, жагсаал цуглаан зохион байгуулахдаа гаршсан Ж.Батзандан тэргүүтний УИХ-ын даргыг суудлаас нь буулгах гэсэн товч бөгөөд тодорхой, ганцхан зорилготой  эл жагсаал нь “дресс код” буюу Сүхбаатарын талбайн дөрвөн талд электрон хаалга тавьж, металл илрүүлэгчээр иргэдийг шалгаж оруулах, том цүнх савтай нэвтрэхийг хориглох бас зөөврийн 00 ажиллуулах гээд сонин содон зүйл ихтэй ажээ. Мөн урд өмнө нь болж байсан жагсаалуудын дэргэд энэ мэтчилэн ил цагаан мөнгө цацсан гэдэг утгаараа нэлээд дээрээс төлөвлөсөн, захиалгатай бас ахуй хангамж сайтай болох нь анзаарагдаж байгаа юм байна.   

 

Харин үүнийг сонссон иргэд бухимдаж байна. Учир нь, өнөөдөр ард түмний амьдрал туйлдаа хүрч байна. Банкны зээл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд дарлуулсан монголчууд урд хормойгоороо хойдхоо нөхөж буй. Гэтэл тэдний дуу хоолой болох учиртай УИХ-ын гишүүд нь жагсаал хийхдээ гаршсан иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран тансаг зэрэглэлийн жагсаал хийх гээд улайрч буй нь үнэндээ гайхмаар. Хамгийн гол нь тэд ард түмний нэр бариад байгаа нь бухимдал төрүүлмээр. Уг нь бол энэ жагсаал түмнийг туйлдуулж буй өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийн эсрэг байсан бол монголчууд дэмжих байлаа. Гэвч маргааш болох жагсаал нь УИХ-ын даргыг суудлаас нь буулгаж, түүний оронд өөр хэн нэгнийг эрх мэдэлд хүргэх цорын ганцхан зорилготой бөгөөд үнэндээ энэ жагсаалаас Монголын ард түмэн юу хожих вэ гэдэг нь тодорхойгүй юм.

Ер нь ч тэгээд ч эрх мэдэлд хүрэхийн тулд эртнээс төлөвлөсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн энэ мэт жагсаал хэзээ ч сайн зүйл дуулгаж байгаагүй. Хэрэв уншигчид санаж буй бол арван жилийн өмнөх долоодугаар сарын 1-ний хар өдрийг Монголын ард түмэн мартаагүй. Тодруулбал, тухайн үед иргэний хөдөлгөөний зохицуулагч хийж байсан О.Магнай, Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нараас болж “Долоодугаар сарын 1” гэх өдөр Монголын түүхэнд болж байгаагүй хар өдөр болж хувирсан. Гэтэл одоо тэд энэ бүхнийг мартсан уу, эсвэл жагсаал цуглааныг хүссэн эрх мэдэлдээ хүрэх гол ташуур гэж бат итгэсэн үү юутай ч Ж.Батзандан гэх шоучин Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нараар бүл нэмж жагсаал цуглааны ертөнцөд эргэн ирлээ.

Тэр ч бүү хэл маргаашийн жагсаал цуглаанд нэгдэгсдийг Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний суудалд суулгасан Сонгинохайрхан, Л.Болдыг энэ суудалд тухлуулсан Хан-Уул мөн Баянзүрх буюу Ж.Батзандангийн сонгогдсон тойрогт бүртгэж эхэлсэн гэнэ. Ингэхдээ мөнгө төлж бүртгэж байна гэсэн мэдээлэл ирж байна. Үүнтэй зэрэгцээд зарим эх сурвалж маргаашийн жагсаал цуглааны үеэр  зохион байгуулалттай үймээн самуун дэгдэх, энэ үеэр зарим нь ухаан алдаж унах зэрэг жүжигчилсэн тоглолт хийж магадгүй байгаа ажээ. Магадгүй энэ мэдээлэл батлагдвал, тэрхүү жүжигчилсэн тоглолт нь Төв талбайд өрнөн үймээн самуун дэгдвэл жирийн иргэд яах вэ. Түүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Магадгүй арван жилийн өмнөх долоодугаар сарын 01-нийх шиг зүйл болбол мөрөөрөө явсан ард түмнийг жагсаалд уриалан дуудсан Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар хариуцлага хүлээх үү. Эсвэл тэдний турхирсан үймээн самуунд өртсөн жирийн иргэдийн хохь болоод өнгөрөх үү.  

 

Эцэст нь, маргаашийн жагсаал зохион байгуулагчдаас дахин асуухад та нарын зохион байгуулсан жагсаалын үеэр элдэв зүйл болбол яах вэ гэж асуумаар байна. Ингэж асуусан бас нэг шалтгаан нь маргааш болох жагсаалд "Босоо хөх Монгол" гэж асуудлыг хүчээр шийддэг иргэний хөдөлгөөнийхөн ч бас оролцож байгаа гэсэн мэдээлэл ирлээ.  "Босоо хөх Монгол"-ын тухайд ард түмэн андахгүй. Эх орончийн нэр зүүсэн бусдыг дарамтлахдаа гаршсан нөхөд гэж ярьцгаадаг. Иймээс л энэ жагсаалын үеэр эртээх арван жилийн өмнөх шиг үйл явдал болбол яах вэ гэж ахин дахин асуугаад байгаа юм. Мөн хэрэв үймээн самуун болбол жагсаал зохион байгуулагчид биш харин жирийн иргэд хохирдог болохыг арван жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан таван хүний эрдэнэт амиар нэхэн сануулья. Бас ард түмний нэр барьсан жагсаал зохион байгуулагчид өөрсдөө эрх мэдэлд хүрмэгцээ, албан тушаалаа авмагцаа арилж өгдөг гэдгийг дуулгая. Түмнийг тохуурхсан төлбөртэй жагсаалын гашуун үнэн нь юм шүү.