Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл дээрх хуралдаанаас Оюутолгойн бүтээн байгуулалтад ашиглах эрчим хүчийг дотоодоос 100 хувь хангах цахилгаан станц барих гэрээг дэмжсэн аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд Оюутолгойн бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах цахилгаан станц 2023 оны зургаадугаар сард ашиглалтад орох ёстой. Үүнээс өмнө ирэх оноос Оюутолгойн ашиглах эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангана. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээний өөрийнх нь хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын дотоодоос эрчим хүчний тодорхой хэсгийг хангана гэсэн үг. Энэ бол түүхэн шийдвэр. Дотоодын эх үүсвэрийнхээ дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусгаж байна. Он гараад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно гэсэн юм. Түүнчлэн Оюутолгой БНХАУ-аас 110 мегаваттын цахилгаан эрчим хүчийг 170 сая ам.доллароор худалдан авдаг бөгөөд энэ хэрэглээ нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцдэг гэж үздэг аж.
Энэ тухай Ц.Даваасүрэн сайд хэлэхдээ “Энэ бол түүхэн шийдвэр. Тавантолгой дээр цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Засгийн газар Рио-Тинтой компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцээ хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлээ. Ингэснээр Тавантолгойг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мегаваттын цахилгаан станцыг 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар боллоо. Ирэх оноос эхлэн Оюутолгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Энэ бол түүхэн шийдвэр. Тиймээс дэд бүтцийг барьж дуусгах ажил үндсэндээ дуусч байна. Он гаргаад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно.2023 он гэхэд Оюутолгой эрчим хүчийг 100 хувь хангадаг болсноор гадагшаа гарч буй 200 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэнэ" гэсэн юм. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан.
-Оюутолгойн цахилгаан станц барих ажил дээр төрийн зүгээс шалтгаалсан ажлууд жигдэрсэн гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий гэрээ нь дэмжигдлээ. Одоо шат дараатай ажлууд үргэлжилнэ. Тодорхой хэлцлүүд хийгдэж, байгаль орчин, усны үнэлгээ хийгдэнэ. Хөрөнгө оруулагчдын дунд бас гэрээ байгуулагдана. Ингэж явсаар 2020 онд цахилгаан станц баригдаж эхлэх юм. Хугацаанууд гэрээнд тодорхой тусч өгсөн байгаа. Одоо цаашдаа гацалт үүсэхгүй, гэрээний хүрээнд ажил явагдана.
-Ирэх жилээс Оюутолгойд манай улс яг хэдий хэмжээний эрчим хүч нийлүүлж эхлэх вэ?
-Бид байгаа боломжоосоо эхлүүлнэ. Эхний ээлжинд 20 мгВт эрчим хүч нийлүүлнэ. Ирэх жилээс хэд хэдэн шинэ эх үүсвэрүүд нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд Оюутолгой руу эрчим хүч нийлүүлэлтээ нэмэгдүүлээд явна гэсэн үг.
-Манай улсын эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг Оюутолгой компанид ашиглуулснаар хэдий хэмжээний мөнгө олохоор тооцоолж байна вэ?
-Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй мвт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Бид 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэрээний дараа тодорхой хэлцлүүд хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанаар гэрээг дэмжсэн. Байгаль орчны тэр дундаа усны чиглэлийн үнэлгээнүүд хийгдэнэ. Хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ хийнэ. Цахилгаан станц эхлэх ажил нь 2020 оны гуравдугаар сар. Улмаар 2023 оны зургаадугаар сар гэхэд станцаа хүлээж авна. Үүнийг гэрээнд хатуу зааж өгсөн гэв.