УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн дотор өгөхгүй бол эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулахаа мэдэгдэж байна гэсэн юм. Дээрх гишүүд пүрэв гарагийн 11.00 цагаас эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгээ дуулгалаа.
Тэгвэл энэ цаг мөчид Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мөн л УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ. Тэд "Цагаан сарын өмнө намрын чуулган завсарлаж, бүх гишүүд тойрогтоо ажиллаад эхэлнэ. Энэ хугацаанд бүх найруулга явагдаж, нөхцөл байдал үүсэх учраас цаг хожсон үйлдэл болоод байна. Тийм болохоор цагаан сараас өмнө иргэний хөдөлгөөний байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орж хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна” гэсэн юм.
Иргэний нийгмийн байгууллагын төлөөлүүд мөн л пүрэв гараг буюу энэ сарын 27-ны өдөр 11.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.