АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлал ёсоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар нар оролцсон.
Тус газрынхны мэдээлснээр энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулахад үнэлэмж буурсан гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, авлига их тархсан институтийн нэгдүгээрт, шүүх байгууллага, хоёрдугаарт газрын алба харин гуравпугаарт эрүүл мэндийн байгууллага орсон байна. Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс сайн гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс муу дүн авсан хэмээн танилцуулсан юм.
Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг тоймлон хүргэж байна.
-Хөгжлийн банкны хэрэг юу болж байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хөгжлийн банктай холбоотой 20 гаруй хэрэг хянагдсан. Одоо шүүхийн шатанд хянаж байгаа.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой хураагдсан 1.3 сая ам.долларын хэрэг юу болж байна. Мөнгийг буцаан өгсөн гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй.
-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?
-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь гадаад руу гараад явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадаагүй байна.
-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан нь ил болсон. Энэ хэрэг ямар шадатндаа явна вэ?
-УИХ-ын гишүүд ирж гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Одоогоор хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан учир ирж мэдүүлэг өгч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй байна. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байна.
-Тэдгээр гишүүдийн нэрсийг прокурорт явуулсан гэсэн үү?
-ЖДҮХС–гийн зээлтэй холбоотой гурван гишүүдий бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Нэрсийг дурьдах боломжгүй.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-тай холбоотой гэсэн мэдээлэл байсан.
-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн. Би тэгээгүй. Өөрийнх нь хамаарал бүхий этгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлэхгүй. Түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байна.
-Т.Бадамжунай хилээр гарч зугтсан гэсэн. Түүнээс тайлбар авсан уу?
-Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Хэрэгт холбогдуулан шалгаагүй.