“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос явжээ

Монгол-Туркын хамтарсан “Эмпати” сургуулиудын захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос явжээ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гарсан хэмээн Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Вэйсел Акчай нь хувьд манай улсад 2004 оны тавдугаар сард хөдөлмөр эрхлэх визтэй ирсэн аж. Дараа нь Германд төвтэй Ядигар /уфуг/ санд ажиллаж байгаад энэ сан нь “Эмпати” сургууль болсон нь юм байна. Ингээд хөрөнгө оруулагч статустай болсон тэрээр манай улсад 14 жил амьдарчээ. Гэтэл өнгөрсөн долоодугаар сард Вэйсэл Акчайг хулгайлахыг завдсан гэсэн дуулиан дэгдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж түүнд хилийн хориг тавиад байсан юм байна. Харин прокурорын байгууллага В.Акчайд хилийн хориг тавьсан хоригийг саяхан цуцалсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнээс ч өмнө явсан. Мөн хагас сарын өмнө Эмпати сургуулийн 6-7 багш Монгол Улсаас гарсан тухай Д.Мөрөн дарга мэдэгдсэн байна.

Мөн түүнийг Монгол Улсын харьяат болох хүсэлт өгч байсан гэх мэдээллийг албаныхан үгүйсгэж байгаа юм. .