УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр уламжлал ёсоор 10.00 цагт товлогдсон ч хуралдсангүй. Учир нь УИХ-ын чуулганы танхимд 34 гишүүн ирсэн бөгөөд ирц бүрдээүй юм. Уг нь өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх байсан. Гэвч Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мөн ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байгаа УИХ-ын гишүүд орж ирсэнгүй. Ингэснээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг хойшлуулсан юм.
Засгийн газрын гишүүд болон ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн булхай илрэхтэй зэрэгцэн Монгол төрийн ажил үндсэндээ гацаанд ороод багагүй хугацаа өнгөрч байгаа. Ямартай л гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод чуулганы нэгдсэн хуралдаан таван удаа, Байнгын хороо 16 удаа, дэд хорооны гурван удаагийн хуралдаан хойшлогдоод байна. Ямартай л УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухай "Хуралдаанд суухгүй байгаа гишүүд хууль зөрчиж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гишүүдийн цалинг хасах хүртэл арга хэмжээ авна. Төрийн албан хаагчид ажлаасаа нэг минут хоцроход л цалингаасаа хасуулдаг. Хариуцлага алга" гэж байлаа. Мөн ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон УИХ-дахь МАН-ын бүлгийн даргад анхааруулж байсан ч тусыг эс олов.
Дашрамд мэдээлэхэд чуулганы өчигдөр, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 18 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Үүнд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүдийг чөлөөлөх зэрэг дээр дурдсан асуудлуудаас гадна Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”, мөн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой асуулгын хариуг сонсохоор хуваарьт тусгагдсан байсан. Иймээс Ерөнхий сайд энэ асуудал дээр анхаарч, танхимын гишүүдээ нэгдсэн хуралдаанд оролцуулж гишүүдийн асуулга, асуултад хариу өгөх боломж бүрдүүлэх шаардлагатай байсан юм.