М.Энхболд: Надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол Ц.Нямдоржийг шүүхэд өгнө  

МАН-ын Бага хурал шөнийн 3:00 цаг хүртэл хуралдахдаа УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох ёстой хэмээн гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл УИХ-ын М.Энхболд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Намайг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын  хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Хуульд нийцсэн шаардлага надад тавихад албан тушаалаа өгөхөд асуудал байхгүй. Ялангуяа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Өчигдөр Бага хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим гишүүдийн яриаг нээлттэй болгосон. Бага хурлын үйл ажиллагааг хаалттай явуулсанд харамсаж байна. Нийгэмд болж бүтэхгүй бүх зүйлийг надад наах гэсэн  Бага хурал болсонд би харамсаж байна.

 

Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.

Хаалттай хурлаас Ц.Нямдорж,Л.Оюун-Эрдэнэ нарын Бага хурал дээр  ярьсан зүйлийг олон нийтэд ил хүргэсэн. Би тэдний тайлбарт тайлбар өгсөн ч миний мэдээллийг олон нийтэд хүргээгүй. МАНАН гэдэг зүйлийг надтай холбож намайг буруутгах зүйлийг Бага хурал дээр ярьсан.

 

60 тэрбумын асуудлыг намын Бага хурал  мөн дээр ярьсан. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаа хэдэнтээ шалгасан. Одоо Тагнуулын ерөнхий газар шалгаж  байгаа. Харамсалтай нь 60 тэрбумын асуудлыг манай намын гишүүд дэвэргэж зориуд ЖДҮ-гийн асуудлыг дарах гэж байна гэдгийг би өмнө нь  УИХ-ын танхимд хэлж байсан. Ц.Нямдорж өчигдөр бага хурал дээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчлахад намайг оролцсон хамгаалсан тухай ярьсан. УИХ дээр би ажлын хэсэг байгуулсан. Дүнг УИХ-д танилцуулсан. Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх ярих зүйл байна гэсэн. Ингээд нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж зууралдаад байгаа зүйл байхгүй гэсэн. Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгэсэн.  

Мөн надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол би Ц.Нямдоржийг шүүхэд өгнө. 

Сүүлийн зургаан сарын турш над руу янз, янзын дарамт ирж байгаа. Намынхаа нэг залуутай сөргөлдөөд яахав гэж бодоод тэвчээртэй хандаж байгаа" хэмээсэн. Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад товчхон хариуллаа.

-Төрийн албыг наймаалцаж байхад та яагаад дуугүй байсан юм бэ? 

-60 тэрбумын схемд орооцолдсон зүйл байхгүй. Намын дарга байхад сонгуулийн санхүүжилт зэрэгтэй холбоотой олон зүйл яригддаг. Гэхдээ үүнээс бүтэх нь цөөхөн, бүтэхгүй нь олон байдаг. 

-40 гишүүн гарын үсэг цуглуулж таныг огцрохыг шаардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

-40 гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ өнөөдөр хуулийн хүрээнд үндэслэлтэй байна уу үгүй юу гэдгийг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороог хуралдтал Их хурлыг удирдахгүй гэдгээ мэдэгдсэн. Буулт хийх, ойлголцох зүйлийг өчигдөр ярьсан. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж, хүлээж авсан гэсэн. Би гишүүний хувиар гарын үсэг зурсан. Их хурлын даргын хувиар хүлээж авсан. Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Мөн хуулийн дагуу чөлөөлөгдөнө.