МАН-ын Бага хурал өчигдөр шөнө болтол хуралдахдаа Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, УЗ-өөс Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасч, Д.Сумьяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна. Түүнчлэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн УИХ-ын даргыг М.Энхболдыг өөрийн саналаар огцрох ёстой гэсэн саналыг 95 хувийн саналаар дэмжсэн ч М.Энхболд энэхүү шийдвэрийг хүлээж аваагүй байна. Мөн МАН-н дарга У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан ч М.Энхболд энэхүү саналыг хүлээж аваагүй гэх. Түүнчлэн намын дүрмэндээ намын гишүүнээс хасах шийдвэрийг Хяналтын Ерөнхий Хороо бие даан шийдэх боломжтой зэрэг өөрчлөлтийг оруулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "УИХ-ын даргыг намын Бага хурал огцруулахгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд амжсан.
