МАН-ын Бага хурал өчигдөр шөнө болтол хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Бага хурлын гишүүдийн 95 хувь нь дэмжсэн. Тэгвэл өнөөдөр 10:00 цагт эхлэх байсан УИХ-ын чуулган одоо болтол эхлээгүй байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөх хүртэл хуралдаанд орохгүй гэж Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотлсоор байна. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байгаа бөгөөд бид энэ тухай удахгүй мэдээлэх болно.
Уг нь өнөөдрийн чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэх учиртай байсан. Тухайлбал,
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.