“М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, Гэвч завдсан нь үнэн” хэмээн МАН-ын дарга У.Хүрэлсүх бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ онцлов. Мөн тэрбээр “МАН олигархиудынх биш” хэмээгээд “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан.
Д.Хаянхярваа дарга бүлгээ 2 хуваасан, сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” гэлээ.
Түүний илтгэлийн дараа УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр “Би албан тушаалаа өгнө. Гэхдээ цаг нь биш” хэмээн тодотгож, "60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог" гэлээ.
Ийнхүү хоёр дарга илтгэл тавьж, үгээ хэлсний дараагаар бага хурлын уур амьсгал ширүүсэв.
эх сурвалж:buzznews.mn