“Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэдхэн хоногийн өмнө “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ тэрбээр олны анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлсэн.
Тухайлбал, тэрбээр "60 тэрбумын схем хамгийн түрүүн ХҮН дотор яригдаж байсан. ХҮН-ын Доржханд гэдэг залуугийн хийсэн ажил. С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Магнай нарын гудамжны жагсаалыг би анх санхүүжүүлж байсан. Миний нагац ах С.Дэмбэрэлээр кноп даруулахын тулд намайг шоронд хийсэн нь үнэн. Бүлэглэл байдаг. Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн" хэмээн ярьж байсан юм. Тэгвэл АТГ-аас “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярьсан 4 сая ам.доллартай холбогдуулан Хуульзүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас байцаалт авсан байна.