АН-ын бүлэг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлжээ. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тэд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн байна. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаарджээ Улмаар шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ тухай хэлэхдээ "МАН-д үүссэн хагарал зөвхөн нэг намын хүмүүсийх гэж харагдахаа больсон. Үндсэн хуульд заасан засаглалын гурван толгой харилцахаа байж үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн засаглалын хямралд орж байна. УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл байхгүй байна гэдэг жижиг шалтгаанаар байгаад байх юм бол цаашид төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орно. Тиймээс  УИХ-ын дарга хуулийн заалт дагахгүйгээр ёс зүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь  олгож  сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ ингэж чадахгүй  УИХ  өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан. АН-ын хувьд дээрх саналыг дэмжинэ. МАН ийм хэмжээнд хүргэхгүйгээр дотроо асуудлаа шийдэх болов уу гэж найдаж байна. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Мөн аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан. Нийгэмд тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа энэ үед сандал, суудлын хэрүүл хийж төрийн ажлыг гацааж болохгүй. Бид хуультай улс. Тийм учраас бидний дараагийн алхам УИХ-ыг тараах  тухай асуудлыг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрнэ" гэсэн юм. Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. АН-ын гишүүд энэхүү саналыг  нь дэмжиж гарын үсгээ зурсан гэж ойлгож болох уу?

-Улс төр нам өөрийн гэсэн  дотоод дүрэм журамтай. Үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүд намаас сонгогдож бүлэгт орж ирсэн. Тодорхой шийдвэр намаас  гараагүй тохиолдолд УИХ-дахь АН-ын гишүүд өөр өөрсдийн  байр сууриар асуудалд хандах эрхтэй.

-УИХ-ын гишүүн намын бүлгээсээ гарах өргөдлөө өгсөн асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ.

-АН-ын Үндсэн дүрмийн дагуу Л.Болд  гишүүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг дараа Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Тиймээс Л.Болд гишүүн АН-даа байгаа гэж ойлгох хэрэгтэй.