УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу өнөөдөр хуралдах ёстой. Гэвч14 хоногийн турш тус намын бүлэг, байнгын хороо хуралдаж чадахгүй байгаа бөгөөд УИХ-ын даргыг огцрох нь зүйтэй гэж үзсэн зарим нь чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй бойкот хийж байгаа юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн өнгөрсөн баасан гарагт “УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагт хуралдана. Бид ойлголцохоор ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн.
Тиймээс олон нийтийн дунд хоёр хуваагдсан намын бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд ойлголцож чадсан болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө талаар өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хуваагдсан гишүүд дөрөв дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хоёр ч удаа уулзсан гэх мэдээлэл бий. Гэвч тэд бие биенийхээ тавьсан шаардлагыг хүлээж аваагүй аж. Түүнчлэн зарим хэвлэлээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Япон улсад айлчлаад ирэхдээ дээрх хоёр ажлын хэсэгтэй уулзана гэсэн хүлээлттэй байсан гэх. Гэвч намын дарга нь ням гарагт томилолтоос ирсэн ч ажлын хэсэгтэй уулзаагүй гэсэн мэдээлэл байна. Хэрэв энэ мэдээлэл баттай бол МАН-ын бүлгийн ирц хүрэх эсэх, мөн бойкот цаашаа хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй үлдэж байна.