Брэнд үйлдвэрлэгчдийг

Жишээ-1

 

Г.Гэрэлцэцэг “Хайнаг толгой” хоршоогоо долоон жилийн өмнө үүсгэн байгуулжээ. Анх байгуулахдаа оёдол, гутал, арвайн гурил үйлдвэрлэж байсан бол Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв буюу БЭЭТ-д хандан төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжтэй болжээ. Удалгүй хүний нөөцөө нэмэгдүүлэн өөрийн гэсэн ажлын байртай ч болж. Ингэснээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн сур суран бүтээгдэхүүн, үртэсний зуух, мод модон бүтээгдэхүүн, буриад гутал, ширмэл олбог хийж, нарийн ногооны туслах аж ахуй нээжээ. Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн бараа хүргэлтийн цахим хуудастай болсон нь борлуулалтыг нь нэмсэн аж.  

Жишээ-2

Тэгвэл Б.Номин-Эрдэнэ одоогоос яг хоёр жилийн өмнө “НЭКТА зөгийн балны брэндээ үүсгэн байгуулжээ. Түүний хувьд  бүтээгдэхүүнийхээ загварыг гаргах үеэс л БЭЭТ-ийн сургалтад сууж, дөрвөн сарын эрчимжүүлсэн бизнес инкубатор хөтөлбөрт хамрагджээ. Ингэснээр бизнесийн талаарх мэдлэгээ өргөжүүлээд зогсохгүй санхүүгийн дэмжлэг хүртэл авсан байна. 

Жишээ-3

Сүүлийн үед олон хүний талархлыг хүлээгээд буй AQUILA брэнд. Энэ брэндийг үүсэг байгуулагч нь Л.Ганхараа хэмээх бүсгүй бий. Түүний хувьд  ясны үрэвсэлтэй учир хүнд хөдөлмөр эрхлэх боломжгүй байжээ. Гэвч өөрийгөө өвчтэй гэж бусдын гар хараад суухыг хүссэнгүй. Иймдээ ч өөрийн брэндээ бий болгож чадсан байна. Түүх нь ч их сонирхолтой. Учир нь ясны үрэвсэлтэй хүн тойгны шөлний тосыг үе мөчиндөө түрхдэг ажээ. Иймээс л үүнийгээ хэрхэн ямар арга хэрэглбэвэл илүү амархан түрхэж болох талаар багагүй бодсон аж. Улмаар тойгны шөлний тосоор ваннын бөмбөлөг хийх санааг олжээ. Хэдийгээр тэрбээр багагүй асуудалтай тулгарч байж бизнесээ эхэлүүлсэн ч одоо амжилттай яваа бизнесмэн эмэгтэй. Энэ тухайгаа тэрбээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, КОЙКА олон улсын байгууллага, Азийн сан, Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа төсөл, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл миний амьдралд их чухал зүйл өгсөн. Миний хувьд ямар ч карьер байхгүй хүүхдээ хараад гэртээ суудаг. Дээр нь мэргэжилгүй, дээд сургуулиа төгсөж чадаагүй гэдгээсээ болоод ажилд орж чадахгүй байсан. Анх бизнес хийнэ гэдэг утгаараа биш өөртөө яаж энэхүү тойгны шөлний тосыг хялбарчилж түрхэх талаар бодож, тэр санаан дээрээ тулгуурлан ваннын бөмбөлөг хийн залуучуудын гарааны бизнес төсөл хөтөлбөрийн тэмцээнд орж түрүүлсэн. Тэд санхүүжилтээс гадна сургалтад хамруулдаг. Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн шалгалтад орж инкубаторын гуравдугаар ангид тэнцсэн” хэмээн ярьжээ.

Энэ бол БЭЭТ-д хандаж өөрийн бизнесээ хөл дээр нь босгож улмаар хүмүүсийг ажлын байртай болгосон гуравхан хүний жишээ. Учир нь, БЭЭТ 2016 онд анх байгуулагдсан. Энэ үеэс  эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж ирсэн төдийгүй үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргах зорилгоор ажиллаж ирсэн ажээ. Гэхдээ ямар ч үнэнтөлбөргүйгээр бүх сургалтаа явуулдаг аж.  Энд нэгэн сонирхолтой тоон мэдээ сийрүүлэхэд тус төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон эмэгтэйг өөрийн бизнесээ эрхэлж хөл дээрээ босоход нь тусалсан бөгөөд  өнөөдрийн байдлаар 5000 орчим эмэгтэй тус төвийн сургалт, үйлчилгээнд хамрагдсан аж. Харин гишүүдийн тоо нь 2700-д хүрчээ.  

  

Тус төв нь Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр буюу олны ярьж заншсанаар Улаанбаатар банкны шилэн барилгын нэгдүгээр давхарт байрлах аж. Ороход л халуун дулаан уур амьсгалтайгаас гадна хөл хөдөлгөөн ихтэй юм. Бас хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг чөлөөтэй орж гарах тусгай зам тавьж өгсөн нь олон хүний талархлыг хүлээх. Үүнээс гадна тус төвийн сургалтад ирсэн эмэгтэйчүүд хүүхэдтэйгээ ирсэн тохиолдолд БЭЭТ-ийн хүүхэд саатуулах газарт тусгай багшийн удирдлага дор үрсээ  өгөөд өөрсдөө сэтгэл зовох асуудалгүй сургалтандаа хамрагддаг ажээ. Биднийг очих үед МҮХАТ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байсан. БЭЭТ-ийн менежер Н.Эрдэнэчимэгийн өгүүлснээр тус төслийн үйл ажиллагаа бүх Улаанбаатар хотын харьяанд байдаг бүх эмэгтэйд нээлттэй төдийгүй бизнесийн санаа тээсэн ямар ч эмэгтэй сургалтад хамрагдах боломжтой аж. Мөн тус төслийн хоёрдугаар шат өнгөрсөн аравдугаар сар эхэлсэн. 2020 он хүртэл үргэлжилнэ” гэв. Мөн тэрбээр “БЭЭТ нээгдсэн цагаасаа хойш эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих орчин нөхцөлийг шинэ шатанд гаргаж, өөрийн бизнестэй эсвэл бизнесээ дөнгөж эхлүүлж буй эмэгтэйчүүдэд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд бизнесийн зөвлөгөө, сургалтууд, танилын хүрээ нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөч, комьпютерийн танхим, санхүүгийн боломжууд, түүнийг хэрхэн олж авах зэрэг мэдээллүүд ордог. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг түргэвчилсэн хөтөлбөрт хамруулж, бодит дэмжлэг үзүүлж байгаа” гэсэн бөгөөд энэ үеэрээ бидний ажлын амжилт бол хамтын ажиллагаа. Хамтарч сайн ажиллаж чадсаных. Төслийг БНСУ-ын СОЛЮТЕК Систем компани хамтран хэрэгжүүлж, төслийн түншүүдээр МҮХАҮТ, "Хөгжлийн Шийдэл" ТББ болон Голомт банк хамтран ажиллаж байна.Мөн манай төслийг БНСУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэг КОЙКА-гийн санхүүжилтэйгээр хэрэгждэг”  гэдгийг онцолж байсан юм.