Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болох тов гарсан бөгөөд Оросын талын төлөөлөгчид ирвэл хурал эхлэх ажээ. Түүнчлэн Ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь нууц байгаа ч Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй гэсэн яриа байна. Учир нь ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн прокурор газарт Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг хүргүүлээд буй юм. Учир түүнийг өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Түүнчлэн энэ хурлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч даргын үүргээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.