Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэсэн айхавтар үг бий. Тэгвэл МАН дотор яг одоо ийм үйл явдал өрнөж байна. Учир нь МАН 2012 оны сонгуулиар газар доогуур ортлоо ялагдаж улмаар бүтэн дөрвөн жилийн турш хүндхэн байдалд байсан ч 2016 оны сонгуулиар хэний ч төсөөлөөгүй ялалтыг авсан билээ. Мэдээж энэ ялалтад тухайн үеийн намын удирдлагууд тэр дундаа МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын гавьяа асар их байсан нь дамжиггүй. Гэтэл өнөөдөр МАН-аас сонгогдсон 34 гишүүн ишигний үлгэрийг давтаж, өөрдсийг нь энэ суудалд суулгасан хүнээ эхлээд шөргөөж, мөргөж байснаа бүүр сүүлдээ нохой адил тал талаас нь боорлож эхлэв.
Иймдээ ч УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдлээ тэрбээр “Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 нь манай намынх. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр гартал нь чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулъя” гэж хэлээд төрийн хар хүний хүний ёсоор индрээс буув.
Үнэндээ УИХ-ын даргын хэлсэн үгэн дотор намын гишүүддээ хаягласан хатуу бөгөөд үнэн үг нь “Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна” гэсэн зэмлэл байлаа. Учир нь сүүлийн үед МАН-ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унаж байгаа. Удахгүй 100 жилийн ойгоо угтах гэж байгаа улс төрийн ууган хүчин атлаа нэр хүнд хийгээд 100 жилийн шарласан түүх бас үнэт зүйл нь У.Хүрэлсүх хийгээд түүний бүлэглэлийн гарт өдрөөс өдөрт үгүй болж байгаа нь үнэн. Нөгөө талаар сүүлийн үед цахим ертөнцөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй нэг баг болсон. Иймээс ойрын хүмүүсдээ даалгавар өгч УИХ-ын даргыг унагах ажлыг эрчимтэй хийж байна гэсэн мэдээлэл ч явж байгаа. Тэгэхээр магадгүй УИХ-ын даргын хэлсэнчлэн түүнийг огцрууулахаар гарын үсэг зурсан МАН-ын 34 гишүүн ХҮҮК болон ЖЕНКО-гийн найруулсан жүжигт орсноо мэдээгүй эсвэл мэдсэн ч ЖДҮ-дээ барьцаалагдаад яаж ч чадахгүй байж мэдэх юм. Гэхдээ энэ бүх дуулиан ямар ч байдлаар төгсдөг бай 2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байна. Хэдийгээр тэд ард түмэн бидний талд гэж байгаа ч түмэн олон тэнэг биш учраас юу болж байгааг сайн мэдэж байгаа. Иймээс ЖДҮ-гээс зээл авсан эрхэм гишүүд болон Засгийн газрын гишүүд мөн МАН, Монголын төрөөр тоглож байгаа эрхмүүдтэй саналынхаа хуудсаар хариуцлага тооцох нь дамжиггүй юм, 2020 онд.
Т.ЗӨНБИЛЭГ