С.Эрдэнэ: У.Хүрэлсүх ганц ч км зам тавиагүй атлаа өөрийгөө баатар болгох гэж шуудай шуудайгаар нь мөнгө цацаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригч МАН-ынхан  дотроо хуваагдаж, сандал суудлын тэмцэл хийж явах хооронд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал урд өмнө байгаагүйгээр доошоо орж байна. МАН өрнөөс салгана, мандуулна гэсэн зорилт тавьсан. Гэвч энэ нь үлгэр болж байна. Одоо сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдчихлээ. Гэвч сандал ширээний хэрүүл хийсээр байна.

 

Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэтэрлээ. 2016 онд МАН-ын дэвшүүлж байсан өрнөөс гаргах мөрийн хөтөлбөр нь өнгөрлөө. Бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дууслаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх л гэхэд ярьдаг гуравхан ажилтай. Нэгдүгээрт, Нефтийн үйлдвэр. Анх Ерөнхий сайдаар томилогдохдоо л энэ тухай ярьсан. Одоо ч ярьсаар л байна. Хоёрдугаарт, Цэвэрлэх байгууламж. Энэ ажил нь мөн л эхэлсэн эсэх нь мэдэгдэхгүй. Тендер нь будилаантай. Гуравдугаарт, цэвэр усны асуудал. Бас л ярианы түвшинд байсаар байна. Ийм л гурван зүйл ярьдаг. Нэг км зам нэмж ашиглалтад оруулсангүй. Тэгсэн атлаа шуудай шуудайгаар нь мөнгө цацаж, өөрийгөө баатар болгож хоногшуулах гэж сошиалд үхэн хатан тэмцэж байна. Шударга үнэн, шударга сайхан гэсэн хий хоосон яриагаар нь Монголын ард түмэн баяжих юм уу. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Сүүлийн 3 хоногт SOS аюулын дохио дуугарлаа. Гэтэл энэ тухай ярьдаггүй. Өвлийн эд ачаалалтай, агаарын бохирдол ихтэй энэ цаг үед Нийслэлийн удирдлагууд солигдож байна. Шинэ дарга нь одоо хүртэл томилогдоогүй байна. Хэзээ томилогдох юм. Яагаад он гараад энэ халаа сэлгээгээ хийж болоогүй юм. Засгийн газар утааны асуудалд дорвитой байна. Тиймээс АН-ын зүгээс эрх баригчдад агаарын бохирдлын асуудлаар анхааруулга өгч байна. Энэ асуудалд бид цаашид зүгээр сууж чадахгүй гэдгийг хэлмээр байна. 

Мөн шатахууны үнэ хэмжээгээ алдлаа. Өчнөөн 100 мянгаар нэмчихээд байхад 100хан төгрөгөөр буулгаж, хэнийг хуураад байгаа юм. Улстөрчид талцаж, дотроо сандалаа булаацалдах нь бүр сүүлийн асуудал. Улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чинь хамгийн эхний асуудал биз дээ. Долларын ханш замаа алдлаа. Цаашид хэд хүртэл нэмэгдэхийг бид мэдэхгүй. Мөнгөний бодлого хариуцаж байх ёстой Монголбанк юу хийж байна вэ? Хэн ч ойлгохгүй хэлээр хэдэн юм тайлбарлаад байна. Ханшийн өсөлтийг барьж чаддаггүй юм бол, ард түмэндээ яагаад өсөөд байгааг нь ойлгомжтой тайлбарлаж өгч чаддаггүй юм бэ.

Ардчилсан нам өнөөдрийг хүртэл улстөрийн тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, хүлээцтэй хандаж ирсэн. Бид аль болох нийгмийг бухимдуулахгүй байх тал дээр ажиллаж ирсэн.

Гэтэл өнөөдөр эрх баригчид өөрсдөө нийгмийн амгалан тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Эрх баригчид сандал суудал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс өөр ажил хийхгүй байна" гэсэн юм. 

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төсөв санхүүгийн хувьд энэ Засгийн газар хамгийн таатай байна. Төсвийн орлого бараг 1.5 их наядаар давж биелж байгаа таатай орчинд ажиллаж байна.

Гэсэн ч улсынхаа, ирээдүйн өв сангийн хуримтлалыг үүсгэх ямар ч ажил хийж чадсангүй. Улсын гадаад валютын нөөцийг нэмэх тал дээр дорвитой ажиллаж чадахгүй байна. Яг энэ цаг үед гадаад валютын улсын нөөцөө нэмж хуримтлуулах ямар их шаардлага байгаа билээ. Энэ тал дээр энэ Засгийн газар анхаарч ажиллахгүй байна. Хэрэгждэггүй хууль, биелдэггүй тогтоолоор Монгол дүүрчихэж. Монгол төрийн ажил явахаа больсон байна" гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь улс эх орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байгаа. 

Тухайлбал, БНХАУ Тажикистанд зээл өгсөөр байгаад ДНБ-ийнх нь 50-аас дээш хувь нь гарсан. Үүнийгээ төлж чадахгүй Тажикистан тодорхой нэг газраа өгсөн. 

БНХАУ-аас Монгол Улсад өгч байгаа зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар 33 хувьд хүрсэн. Одоогоор нийтдээ 3 тэрбум 628 сая долларын зээлийг БНХАУ-аас авсан байна. Тиймээс цаашид нэг улсаас зээл авах асуудлыг хязгаарлах нь зүйтэй" гэсэн юм.