Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-н орчим, хур тунадас Завханы зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур ОЖД-аас сэрүүсч, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсч нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч ОЖД-аас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн ихэнх, Төвийн баруун хойд болон хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр агаарын температур ОЖД-аас сэрүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дулаарах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун болон баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн урд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үед харьцангуй дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй.
Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Долдугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.
Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ой, хээрт хаясан тамхи, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Тиймээс иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ