УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч эхлээгүй байна. Одоогоор  УИХ-ын 33 гишүүн чуулганы хуралдаандаа орж ирээд байгаа тул УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг даалгалаа. УИХ-ын чуулганы танхимд байнгын хорооны дарга, зарим сайд нар орж ирээгүй байна. 

 

Уг нь өнөөдрийн чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон юм.