Нямаа бусад залуусын л адил аав ээжийнхээ гарыг харалгүй өөрийнхөө чадлаар сайхан амьдрах чинь хүсэл мөрөөдөлтэй. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн гэсэн бизнес эрхлэх чинь хүсэлтэй. Иймдээ ч мах сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах фермер байгуулах том зорилго өвөртлөн багагүй хугацаанд судалгаа хийсэн аж. Улмаар Төв аймагт хоёр саальчин, хоёр малчин нэг нягтлан бодогч гээд нийт таван хүнийг ажлыг байраар хангах, мах сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах 100 үхрийн ферм байгуулахаар болж төслөө бичжээ. Мөн энэ төслөө ЖДҮХС-д өгсөн аж. Гэвч түүний төслийг албаныхан хүлээж авалгүй буцаасан байна. Гэтэл үүнээс тун удалгүй ЖДҮХС-гаас УИХ болон Засгийн газрын гишүүд тэрбум тэрбумаар нь зээл авсан нь ил болж эхэлжээ. Үүнд бухимдсан тэрбээр “Уг нь би энэ төслөө шалгарах байх гэж бодсон. Маш нарийн судалгаа хийсэн. Гэвч шалгараагүй. Тэгсэн атлаа УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд нь тэрбумаар нь зээл авсан байх юм. Уг нь миний төсөл 221 сая төгрөгт багтаж байгаа юм. Ийм байхад залуус эх орондоо юу хийж бүтээх юм бэ.Энэ мөнгийг үйлдвэрлэлд зарцуулах ёстой. Энэ бол Монголд үлдэх баялаг болох байлаа” хэмээсэн юм.
Үнэндээ та нэг тэрбум төгрөгтэй бол юу хийх вэ. Сайн бодоод үзээрэй. Нямаагийн өгүүлснээр тэр нэг тэрбум төгрөгтэй бол мах сүүний чиглэлээр 400 үхэртэй фермер байгуулж чадна. Бас 20 гаруй хүнийг ажлыг байраар хангаж чадах байлаа. Гэвч энэ мөнгийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд албан тушаалын шагнал болгоод аваад идчихсэн нь үнэхээр харамсалтай.
