Эрхэм хамтрагчдынхаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас хууль бусаар авсан зээлээс болж чуулганы индэр дээр нүүрээ улалзуулан албан тушаалаараа дэнчин тавьсан У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн ард түмэндээ барих “гэнэтийн бэлэг” дуусахгүй нь.
Тухайлбал, У.Хүрэлсүхийн ойрын хүн гэгддэг Н.Цэрэнбат улаанбаатарчуудад гэнэтийн таагүй бэлэг барьсан нь агаар, орчны бохирдлыг бууруул хэмээн гадныхны өгсөн нэг сая ам доллар буюу 2,4 тэрбум төгрөгөөс 145 саяыг нь өөрийнх нь үеэл дүү ерөнхий менежерээр нь ажилладаг Цэнгэг усны нөөц, байгаль хамгалах төвд шилжүүлжээ. Ингэхдээ хууль бус, зальжин арга хэрэглэсэн төдийгүй Засгийн газрын тэргүүнийг хүртэл эвгүй байдалд оруулсан яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Учир нь өнөөдөр улаанбаатарчууд агаар, хөрс нь хамгийн их бохирдсон орчинд амьдарч байгаа. Ямартай л энэ тухай дэлхийн томоохон агентлагууд судалгаа хийгээд манай нийслэлийг дэлхийн хамгийн их бохирдолтой хоёр том хотын нэгээр нэрлэж. Тэрч бүү хэл улаанбаатарт 2008-2011 онд агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ ойролцоогоор 150 микрограмм байсан бол хамгийн их утаатай хэмээгддэг Бээжин хотод 2014 онд энэ тоо 98 микрограммтай тэнцэж байна гэх. Гэтэл ДЭМБ-ын тогтоосон стандарт хэмжээ нь 25 микрограмм байдаг гэхээр яг одоо бид бидний үр хүүхэд ямар нөхцөлд амьдарч байгаа нь эндээс харагдаж байна. Нөгөө талаар Улаанбаатарын утаа олон улсын анхаарлын төвд нэгэнт орж ямартай л үүнийг анзаарсан Арабын нэгдсэн Эмирэт улс хүртэл энэ асуудлаа шийдэхэд зарцуул хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад мөнгө өгсөн ч түүнийг нь өөр зүйлд зарцуулаад буй нь хачирхалтай байгаа юм.
Энэ тухай баримтыг сийрүүлбэл, энэ оны зургаадугаар сард Арабын нэгдсэн Эмират улсаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад нэгэн албан бичиг хаяглажээ. Уг бичигт “Манай улс танай улсын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг бэлэг болгон өгч байна. Бидний үзүүлсэн энэхүү дэмжлэг нь “Эрүүл мэнд-Интернейшнэл” байгууллагын төслийн хүрээнд хийгдэнэ. Ингэхдээ эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулах зэрэг ажилд зарцуулагдана. Мөн бид хүн амын эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө бүхий аюултай хийг бууруулахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх танай бодлогыг таатайгаар хүлээн авна” хэмээн уламжилжээ. Хамгийн чухал нь арабуудын өгсөн нэг сая ам.долларын зориулалт яг өнөөдөр манай улсын толгойны өвчин болоод буй салбарт зарцуулагдахаар чиглэсэн нь яах аргагүй сайн мэдээ юм. Гэвч харамсалтай нь, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үүнийг үл тоосон уу эсвэл цаана нь өөр зорилго байв уу ямартай ч дээрх мөнгөний зориулалтыг эрс өөрчилж, “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах” хэмээн нэрийг нь өөрчилсөн төдийгүй БОАЖЯ нь АНЭУ-тай санамж бичиг байгуулсан мэтээр худал үндэслэлээр өнгөрсөн есдүгээр сарын 03-ны өдөр тушаал гаргасан бол маргааш нь буюу есдүгээр сарын 4-нд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон өөрчилсөн нэрнийхээ дагуу төсвийн задаргааг хийжээ. Ингэхдээ дээрх мөнгийг мод тарих, булгийн эхийг хамгаалах, бэлчээрийг ашиглах, нэн ховор амьтад, махчин шувуудыг хамгаалах судлах, иргэдэд экологийн боловсрол олгох тэр ч бүү хэл өөрийн сонгогдсон тойрог болох Увсад 35 сая төгрөгөөр машин мөн ажилтан, зөвлөх, хурал, семинар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардалд 98 сая төгрөг гэх байдлаар тун үрлэгэн хуваарилжээ. Ингэснээр арабуудын аминчлан захисан сургууль, цэцэрлэг, эмнэлэгт эко халаагуур байрлуулах зэрэг асуудал үлгэр болсон нь ойлгомжтой.
Гэвч эрхэм сайд үүнээс хэд хоногийн дараа ианхимынхаа тэргүүнийг хөөдөж мэдэх бас нэг хууль бус зүйл хийжээ. Энэ нь дээрх мөнгийг захиран зарцуулах тушаал гаргаснаас сар гаруйн дараа буюу өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр дээрх асуудлыг хэлэлцүүлэн улмаар хэрхэн захиран зарцуулах талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хөтлүүлж дөнгөжээ. Эндээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд түүний танхимынхан Н.Цэрэнбатад мад тавиулсан нь харагдаж байгаа юм. Товчхондоо бол Засгийн газрын тэргүүн хэдийнэ төлөвлөгөөг нь батлагдаж, санхүүжилт нь гараад эхэлчихсэн ажилд үүрэг өгөөд сууж байсан гэхээр эмгэнэл гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ.
Нөгөө талаар зөвхөн энэ баримтаас Н.Цэрэнбат гэх нөхөр У.Хүрэлсүхийг танхимынхаа нөхөдтэй хамт мадлаж дөнгөсөн нь харагдаж байна. Ер нь ч тэгээд энэ Засгийн газрын гишүүд тэр дундаа Н.Цэрэнбаттай холбоотой таагүй мэдээлэл хэвлэлээр байнга гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлснийг АТГ илрүүлчихээд байхад мэлзэж л суусан. Улмаар түүний эзэмшилд байдаг гэх компаниуд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сангаас чамгүй мөнгө халаасалсан нь тодорхой болоод байгаа. Мөн түүнтэй холбоотой өөр нэг баримт гэвэл түүний эзэмшилд байдаг бас нэг компани УБЦТС ХК-иас хэдэн жил дараалан тендер авсан гэх таагүй хэл ам олны анхаарлыг татаж эхэллээ. Иймээс л У.Хүрэлсүх өөрийнх нь итгэл хүлээлгэсэн журмын нөхөртөө ямар хариуцлага тооцох вэ гэдгийг харах үлдлээ. Эцэст нь, Монголын ард түмэн тэнэг биш. Өнөөдөр Улаанбаатар хот л гэхэд агаар, орчны бохирдлоороо дэлхийд дээгүүрт бичигдэж, тэр нь олон улсын анхаарлын төвд орсон учраас Араб зэрэг орнууд тусламжийн гараа сунгаж байна. Харамсалтай нь төрийн ажлыг ашиг хонжоо болгож харсан Н.Цэрэнбат мэтийн нөхөд түмний төлөө зарцуул гэсэн мөнгийг хууль бусаар ашиглаж, зөвхөн өөрийнхөө тусын тулд дур мэдэн захиран зарцуулж буй нь үнэхээр харамсалтай