"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв, "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтнүүдийн хамтын баг 2018 оны 12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа.
Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгын хүрээнд ажилласан багийнхан аймаг тус бүрт 1000 орчим иргэн буюу нийт 3000 гаруй иргэнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэв.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар,"Үнэт цаасны хадгаламжийн төв” ХХК, "Өндөрхаан инвест ҮЦК” ХХК, "Монсек ҮЦК” ХХК гэсэн байгууллагууд энэхүү арга хэмжээг дэмжин, хувьцаа эзэмшигчдийг идэвхтэйгээр оролцуулсан юм.
Хэнтий аймгийн "Өндөрхаан инвест ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ аймаг орон нутагтаа 4 брокерийг тогтмол ажиллуулж өнгөрсөн хугацаанд нийт хүн амын 60%-д данс нь нээсэн бөгөөд өдөрлөгийн хүрээнд давхардсан тоогоор 400 гаруй иргэнд данс шалгах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүллээ.
Мөн "Монсек ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулахаас гадна Сүхбаатар, Дорнод аймгуудыг давхар хариуцан ажиллаж, Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд нийт иргэдийн 70%, Дорнод аймагт нийт иргэдийн 80% нь данс нээж, өдөрлөгийн үеэр 980 иргэнд данс шалгах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлэв.