ЛАУРЭЛ САНТАЙ НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж өнөөдөр /2024-03-25/ гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон чухал арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж буй юм.

Санамж бичиг байгуулахад Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай оролцсон нь энэхүү хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл.

Тус сангийн ерөнхийлөгч ноён Хью М Парсонтай хагас жилийн өмнө уулзаж байлаа. Тэр үед энгэртээ зүүсэн “Алтан гадас” одонгийнх нь талаар миний хэлснийг дандаа санаж явдаг гээд тэр уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан бол өнөөдөр ЭМЯ болон Лаурэл мэс заслын сан хоорондын нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж буйд талархаж байгаагаа хэлсэн.

Лаурэл мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд катаракт буюу болор цайлтын мэс засал эмчилгээг хийсэн байна.

Түүнчлэн тус сан эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд цаашлаад нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг сайжруулах зэрэг чухал үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Резидэнтийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулсан нь нүдний чиглэлийн сургалтын чанарт ахиц дэвшил гарч үндэсний хэмжээнийн чадварлаг боловсон хүчинтэй болоход бодит утгаараа нөлөөлж байгаа юм.

Ноён Хью М Парсон монголчуудын дунд нүдний өвчлөл их байна, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь цаашлаад хараагүй болох эрсдэлтэй учраас тус сангаас нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг Баянхонгор аймагт эхний ээлжинд явуулахаар төлөвлөсөн тухайгаа дуулгасан.