МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварын 2.5 хувийг цаашид үргэлжлүүлэн мөрдөхийг дэмжих талаар хэлэлцсэн ч 26 нь буюу 60.5 хувь нь татгалзсан санал өгснөөр унасан тухай өмнө нь бид мэдээлсэн. Мөн Засгийн газрынхаа өргөн барьсан саналыг дэмжээгүй гишүүдийн дотор У.Хүрэлсүхийн танхимын 4 сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүхийг дэмжсэн 8 гишүүн, нийт 12 хүн байгаа юм. Түүнчлэн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Улмаар МАН-ын бүлэг дээрх хоёр сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр /2018.12.11/байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал орох бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэх ажээ.
Түүнчлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа сайд нарын оронд хэн томилогдох вэ гэдэг нь олны анхаарал татаж буй. Юутай ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оронд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж буй тухай зарим эх сурвалж мэдээлсэн бол ЗТХ-ийн дараагийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна.