Хуульчид МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд ханджээ

Хуульч, хууль зүйн ухааны доктор Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар УДШ өргөдөл гаргажээ. Энэ тухайгаа өнөөдөр мэдэгдсэн бөгөөд тэрбээр “МАН-ын удирдлага 2016 онд төрийн эрх мэдлийг Монголын ард түмнээс хууль бусаар авсан нь баримтаар нотлогдож байна. Тодруулбал, МАН-ыг татан буулгах хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн. Тиймээс хуульч, эрдэмтэн хүний хувьд УДШ өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдье” гэлээ.

Мөн тэрбээр “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хэлж байна. "60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр МАН-ын дарга байхдаа М.Энхболд 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн шүү. Тэр эвлүүлэг биш” гэсэн мэдэгдлийг хийсэн. Мөн МАН-ын УЗ-ийн гишүүн Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би шулуухан хэлье, наадах чинь эвлүүлэг биш” гэж хүлээн зөвшөөрсөн. МАН цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахуун, хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс улс төрийн намуудын тухай хуулийн дагуу МАН-ыг татан буулгах өргөдлийг УДШ гаргаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ хэмээн заасан байда аж.

Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын таван өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын таван өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг гэдгийг ч мөн сануулсан.