УИХ-ын намрын ээлжит чуулганы 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд улмаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан энэхүү хуулийг батлах нь чухал ач холбогдолтой. Тодруулбал, нийгмийн эрүүл мэндийг хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа. Хамгийн чухал нь энэ хуульд иргэн эрүүл байх, эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг хуульчлах ёстой. Түүнчлэн энэ нийгмийн эрүүл мэнд гэдэг ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд асар олон салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах зохицуулалт шаардсан асуудал бөгөөд үүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Иймд энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө батлуулахаар холбогдох Ажлын хэссгүүд ажиллаж байгаа бөгөөд энэхүү хуулийн төслийн талаар салбар хариуцсан сайд ямар тайлбар өгч байсныг хүргэе.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд салбарын суурь асуудлыг зохицуулдаг анхдагч хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв санхүүгийнхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг бол манай улс эсрэгээрээ явж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангана гэж оруулсан гэсэн юм.