МУЗН 4000 ӨРХӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ХҮРГЭНЭ

Манай улсын нийт газар нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаатай холбогдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдлагуудын хамт 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав.

Хурлаар аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Улаан загалмайгаас хүргэж байгаа тусламж үйлчилгээний явц, хүртээмж, гүйцэтгэлийн талаар тайлан мэдээллийг сонсож, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

МУЗН нь хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт туслах, төрдөө нэмэлт хүч болох эрмэлзэлтэй бөгөөд энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисстой үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллаж байна.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажилладаг бөгөөд хамтын хүчээр өвөлжилт хүндэрч, төмөр болон цагаан зудын нөхцөлд буй 19 аймаг, нэг дүүргийн 2600 зорилтот бүлгийн малчин өрхөд хүрч ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа хүргэж, бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байгаа.

Түүнчлэн МУЗН хүмүүнлэгийн тусламжийг нийт 4000 өрхөд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 2600 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санхүүжилтийг гаргаад байна.