МОНГОЛ УЛСАД ХУЛАНГИЙН 90 ОРЧИМ ХУВЬ БАЙДАГ

Узбекистан Улсын Самарканд хотод болж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр “Дэлхий дээрх хулангийн судалгаа, хамгааллын асуудлууд” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдсан. Уг салбар хуралдааныг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөл (Equid Specialist Group) зохион байгуулсан. Салбар хуралдаанд Монгол, Казакстан, Узбекистан, Туркменистан, АНУ зэрэг улсын судлаачид оролцож танилцуулга хийсэн. Монгол улсыг төлөөлж судлаач, доктор Б.Бүүвэйбаатар “Монгол орны Хулангийн популяцийн төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэлийг танилцуулсан.

Дэлхийн дээрх Хулангийн тархац нутгийн хэмжээ 360,000 км2 орчим бөгөөд Монголын говь тархац нутгийнх нь 72%-ийг эзэлж байна. Монгол орны Хулан нэг жилийн хугацаанд 70,000 км2 хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг.

Сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны хэмжээнд 89,000 орчим Хулан байгааг тогтоосон ба энэ нь дэлхий дээрх Хулангийн 90 хувь орчим болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны Хулангийн цөм сүргийг агуулсан Өмнийн говьд уул уурхай, авто болон төмөр зам эрчимтэй хөгжиж байна. Эдгээр уул уурхай, шугаман дэд бүтцийн хөгжил нь Хулангийн амьдрах орчныг доройтуулах, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах зэргээр сөргөөр нөлөөлж байна. 2023 онд Хулан бүхий улс орнууд хамтран бүс нутгийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд үүнд Монгол улс тэргүүлэх байр суурьтай оролцсон.