Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй болоод байгаа бөгөөд Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон байна.
Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна гэсэн мэдээллийг албаныхан өглөө.