ЭМЯ: Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэд өвчнөө эрт үед нь оншлуулж, бага зардлаар өвчнөө бүрэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас өнөөдөр /2024.02.07/цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ иргэддээ хандан хоёр чиглэлээр мэдээлэл өгсөн бөгөөд тодруулбал, 

  • Нэгдүгээрт, Монголын уламжлалт баяр, цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор амьсгалын замаар дамждаг халдварт өвчин болон хоол хүнсний талаар,  
  • Хоёрдугаарт, Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө. 

Гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйцүүлэгчээр ариутгахыг зөвлөв 

Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой боловч нярай  болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай иргэн, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин, 65-аас дээш насны бүлгийн хүмүүс томуугийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.  Цагаан сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйцүүлэгчээр ариутгаж болно. Бага насны хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөлөө. Учир нь Вирус судлалын тандалтаар томуугийн А хүрээний H3N2 вирус хамгийн түгээмэл буюу 46 хувийн, ковидын халдвар 19 хувийн, томуугийн  А вирус 10 хувийн, бусад томуугийн вирус 1.3 хувийн тархалттай байгаа юм байна.

Түүнчлэн 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн өвчлөл улсын хэмжээнд 12 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд идэвхжил өндөр байна. Нийт 8788 хүн  хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд буюу уушгиний хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 1693 хүүхдийн 74.7 хувь нь амсгалын замын цочмог хүнд халдвартай байна. 

Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Б.Болормаа: Цагаан сарын баярын үеэр хүнсийг буруу хадгалах, хэрэглэхтэй холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл бий болдог. Тиймээс цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй гэгийг мэргэжлийн байгуулагынхан онцоллоо. Тодруулбал, 

  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний амсарт ан цав үүссэн эсэх, чанар байдлыг сайтар шалгах,
  • Өндөг, өдгөн бүтээгдэхүүн, крем, майонез, жигнэмэг, бялуу зэрэг хөргүүрт хадгалах ёстой  хүсний бүтээгдэхүүнийг хүргүүртэй газраас худалдаж авах,
  • Баярын  ширээн дээрээ ууц болон чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй  байх, сэрүүн газар, хөргүүрт хадгалахыг зөвлөж  байна,
  • Баярын салат, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах,
  • Жимс ногоог угааж хэрэглэх зэргээр энгийн боловч хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье гэсэн юм. 

Хэрэв хоолны хордлого авсан байж болзошгүй буюу хоногт 3 буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, -37.5 -аас дээш халүуурсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг гэртээ тусгаарлаж, ойр байрлах дүүрэг, өрхийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-д хандах боломжтой юм байна. 

Эрт илрүүлэг явуулснаар хавдрыг эрт үед нь илрүүлэх хувь 65 хувь болж буурчээ  

ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга н.Ганхуяг: Нийт хүн амын дунд эрт илрүүлэг урьдчилсан оношилгоо шинжилгээ явуулж байна. Оны өмнөхөн буюу 12 дугаар сарын 28-ны байдлаар нийт 1.3 сая иргэнийг  эрт илрүүлэгт хамруулсан байна.  Цаашид үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүн амын 52 хувь нь 0-18 насны хүүхдүүд  хамрагдсан бол 48 хувь нь 18-аас дээш насныхан байна. Харин 18-30 насны залуучуудын оролцоо тааруу байна. Залуус өвчлөл бага байгаа гэсэн хүлээлттэй байгаа боловч урьдчилсан шинжилгээнд хамрагдсан залуусын өвчлөл өндөр байна.

Нийт үзлэгт хамрагдсан 1.3 сая иргэнээс 964 мянган хүн ямар нэгэн байдлаар өвчтэй, сэжигтэй гэсэн тохиолдолууд давхардсан тоогоор гарсан. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой өвчлөл 964 мянган иргэний 57 хувьд нь илэрлээ.

Түүнчлэн 86 мянган буюу 9 хувьд нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл илэрсэн. Энэ үзүүлэлтийг залуучууд эзэлж байна. Зүрх судасны өвчлөл 64 мянга буюу 6.7 хувийг эзэллээ. Энэ төрлийн өвчин Монгол Улсын тэргүүлэх зэргийн өвчин байсан бол буурсан үзүүлэлттэй гарлаа. Халдварт бус өвчлөлт хувь хүний амьдарлын хэв маяг ихээхэн нөлөөлж байна. Ялангуяа тамхи татах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, жимс ногооны хангалтгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэргээс үүдэж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна. Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэд өвчнөө эрт үед нь оншлуулж чадлаа. Энэ бол бага зардлаар бүрэн эмчлэгдэх боломжийг бий болгож байна гэсэн юм.