АТГ-ынхан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлээд байгаа. Улмаар прокурорын байгууллагаас энэ асуудлыг хянаад гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эдгээр гурван гишүүн нь УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар аж.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийсэн. Тэрбээр, МАН-ын гишүүд бүгдээрээ шалгагдаж байгаа юм билээ. Надад ирсэн мэдээллээр, ЖДҮХС-гийн зээл бол эхнэр нь зээл аваад, зориулалтын бусаар ашигласан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Харин авсан зээлээ буруугаар ашигласан, тодорхой хувь авсан, гурван хувийн хүүтэй аваад 60 хувийн хүүтэйгээр зээл олгосон нь мөнгө угаасан хэрэгт холбогдсон байгаа юм. Одоогоор гурван гишүүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, түдгэлзүүлэх санал оруулахаар нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа гэдэг мэдээлэл нь тодорхой юм билээ. Ерөнхий прокурорын байгууллагаас лавлахад удахгүй энэ асуудлыг оруулна гэдэг мэдээлэл өгсөн. Яг үнэнийг олно гэвэл УИХ-ын 24 гишүүн ямар нэг байдлаар хуулийн асуудалд холбогдсон байгаа юм билээ.