ЗМ: Нээлттэй “сонссон” нүүрсний хулгайг хаалттай шүүсний учир юу вэ?!

Уг нь нүүрсний хулгайг мартмааргүй байгаа юм. Учир нь ,энэ хулгайн хор хохирол нь хэмжээлшгүй. Олон муу урхагтай. Төмөр зам гацааснаас эхлээд Тавантолгойгоос нүүрс олборлох, ачих, борлуулах бүхий л шат дамжлагад нь авлига, хулгай хоёр нүүрлэчихсэн.

Энэ талаар олон жил далд яригдсан. Хоёр жилийн өмнөөс ил болсон. Одоо хууль хяналтынхан шалгаж, шүүгээд эхэлсэн. Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд мэдээлэл хийж, “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэх хүмүүсийн нэрийг зарласан. Тэр үеэрээ “...Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанин Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байна. Мөн төмөр замтай холбоотойгоор “Тавантолгойн төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, ХХЕГ-ын н.Дэлгэржаргал нарыг шалгаж байна” гэсэн. Мөн “...2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас жижиг “Тавантолгой” ХК олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна” гэсэн. Тэр өдөр нь УЕПГ-аас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг өгсөн. хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” гэсэн таван чиглэлээр томъёолон шалгаж байгаа юм. Тэгэхээр “...Нүүрсний сонсголыг ч энэ хүрээнд хийвэл зохино” гэж олон нийт харж байна. Тэгэхээр энэ сонсгол “сонирхуулаад” л өнгөрөх үү, эсвэл нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү. Энэ асуулт хоёрдугаар шатны сонсголоор тодорхой болно. Улмаар өнгөрсөн онд УИХ-ын Нүүрсний түр хороо ерөнхий хяналтын сонсголыг явуулсан. Нүүрсний хулгайтай холбоотой мөн ч ноцтой баримтууд “сонсогдсон” доо. Гэвч гол “гэрч”-үүд нь очоогүй юм. Сүүлд Түр хорооны дарга Б.Энхбаяр “тоолоод” сонсголоос зугтсан 74 гэрчид хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.  Хөгжлийн банкны сонсголыг нүүрсний хулгайнхтай хийгээд ард нь гарчихсан Б.Энхбаяр энэ сарын 18-нд Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд үг хэлэхдээ “...Хөгжлийн банк, Нүүрсний гэх сонсголуудын үр дүн гарах ёстой. Монголын хамаг л өнгөтэй, мөнгөтэй, дарга, эрх мэдэлтнүүдтэй “дайсан” болоод яваад байна. Үүний учир нь одоо цаг дээр биш дараагийн үеэ бодсон, үр хүүхдүүддээ ийм харанхуй, авлигажсан биш арай дээр улс, нийгэм үлдээх улс төрч хүний хариуцлагаа ухамсарласан үйлдэл юм шүү” гэж хэлсэн. Ер нь бол энэ нүүрсний хулгай гээч нь Монгол Улсын хийгээд монгол хүний өнгөрсөн одоо, ирээдүйн боломжийг нь хулгайлсан хэрэг юм. Тиймээс нийтээрээ нүд цавчилгүй харж байж энэ хулгайд цэг хатгах учиртай юм.

Гэвч сүүлийн үед олны анхаарал энэ асуудлаас баахан холджээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай шүүж байгаа юм. “Сураг” мэдээгээр өчигдөр дуусаж буй бололтой. Харин шүүх албан ёсоор мэдээлсэнгүй. Гэвч энд тэнд, бие биеэсээ “...Нээлттэй “сонссон” нүүрсний хулгайг хаалттай шүүсний учир юу вэ” гэж асууцгаагаад эхэлж байна.

Ер нь ч тэгээд Б.Ганхуяг нарыг хаалттай шүүсэн нь анхаарал татаад байгаа юм. Яагаад гэхээр Б.Ганхуяг өмнө нь маш ноцтой мэдэгдэл хийчихсэн. Тэрбээр “...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй,  тамгатайгаа үлдэж болохгүй. ...Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу. Эцэггүй хүүхэд байвал над дээр бүгдийг нь биччих, тэгж ярьдаг биз дээ.

Нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждэг юм, жагсаал яаж санхүүждэг юм, хэн санхүүжүүлдэг юм, яамдаас хэдийг авдаг юм, энэ бүхнийг би яримаар байна. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэрэг яриад байгаа юм. ...Наймдугаар сарын 8-нд та байгаагүй гэдгээ өөрөө нотолсон. Дахиж эчнээгээр хүний эрх битгий зөрчөөрэй, таниас би гуйж байна. Шүүгчдийг би маш их хүндэлж явдаг. Жагсаалаар намайг оруулж ирсэн,  жагсаалаар 68 хүн баригдсан. Одоо тэгтэл би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Байлга, байлга, би байж л байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ. Үгээ хэлэх эрхтэй учраас л би үгээ хэлээд байна” гэсэн юм.

“...Чухамдаа энэ л Б.Ганхуягийг хаалттай шүүх шалтгаан үндэслэл нь болчихсон” гэх мэдээлэл мэр сэр яригдаж байна. Үнэн ч байж болох юм. Учир нь, сар гаруйхны өмнө УИХ-ын Түр хорооны сонсголоор нүүрсний хулгайг хангалттай ярьцгаасан. Гэхдээ тэнд Б.Ганхуяг оролцож чадаагүй. Харин долоо хоногийн өмнөөс шүүх хурлыг хаалттай хийгээд эхэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

тоймч Б.ДАМДИН-ОЧИР

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)