ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ”  2023 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2023.01.23) боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

Ёслолын арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. 5 дахь удаагаа зохион байгуулж буй энэ арга хэмжээг бид нийгэмд таниулах зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Оны шилдэг шалгаруулах арга хэмжээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр бий болсон сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад сэдэл, тэмүүлэл бий болгох олон ач холбогдолтой. Шилдгээр шалгарсан байгууллагууд ч гэсэн цаашид амжилтаа бататган, илүү ихийг хийж бүтээхийг хүсье” гэлээ.

2023 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ээр дараах байгууллага, иргэд шалгарлаа.

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд зөвлөл;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-өөр Өмнөговь аймгийн салбар зөвлөл;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Орхон аймгийн 27 дугаар цэцэрлэг;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар “Чиглэл” ХХК;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Тэнгэр телевиз;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн барилга;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр 25-р сургуулийн багш Ц.Намжилдорж;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар Түгээмэл хөгжил ТББ тус тус шалгарлаа.