Ж.Мөнхбат: ХХААХҮ-ийн сайдыг нь томилоод өгье гээд гишүүд нь суугаад байхад Ерөнхий сайд нь орж ирдэггүй

Өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байсаар багагүй хугацааны дараа эхэлсэн. Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Захиргааны ерөнхий хууль батлагдах нь маш зөв юм. Бид 2002 онд маргааныг шийдвэрлэх хуулийг гаргаж 2004 онд шүүхийг нь байгуулчихсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийг батлах нь зөв. Цэцийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээж авах нь зөв гэж байнгын хорооны хурал дээр дэмжсэн гишүүдийн нэг нь би. Бид дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй. Хэсэгчилж болохгүй” гэсэн. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Улмаар үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы танхимд орж ирсэнгүй. Улмаар энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр "ХХААХҮ гэсэн Монголын ард түмний амин чухал том салбар эзгүй байхад Ерөнхий сайд нь танхимынхаа зарим сайдтай орж ирэхгүй байх юм. Бойкот нь одоо болтол үргэлжилж байгаа юм уу. Монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Монголын төр, ард түмнийг ингэж доромжилж болохгүй" гэсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.