Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд тэргүүтэй зарим гишүүн чуулганы танхимын үүдэнд суулт зарлажээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт  эхлэхээр товлогдсон ч ирц хүрэхгүй байна. Уг нь өнөөдрийн чулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал болон зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх байв.  

Одоогоор  36 гишүүн чуулганы хуралдаандаа  орж ирээд байгаа тул МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд даалгалаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй хэмээн чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлажээ.