Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна.
Тэрбээр хуульч мэргэжилтэй, 1995-2013 онд Сангийн яаманд хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. 2013-2015 онд Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төслийн эксперт, 2016 оноос Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллажээ.
Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Мөн Ц.Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов. Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.
2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.