Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан. Энэхүү захирамжаар энэ сарын 18-наас нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Хуваарийн дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
Мөн дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй.
Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.