Манай улс 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүсээд байсан. Тодруулбал, "WADA" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчилж улмаар допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан. Мөн WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь ирэх нэгдүгээр сард дуусгавар болно. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй болсон гэдгийг мэгэдсэн.
Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарсан гэж мэдэгдлээ. Тэрбээр "Энэ оны 9-р сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас Ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэсэн байна.