У.Хүрэлсүхийн толгойлж буй Засгийн газрыг огцруулах нэгдсэн шийдэлд хүрээд байсан гэх АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мура, Ж.Батзандан нар Засгийн газрыг огцруулахгүй хэмээн кноп дарсан.
Үүнийг АН-ын удирдлагууд эрс буруушааж намынхаа дүрмийг зөрчсөн хэмээн дээрх гурван эрхэмд улс төрийн хариуцлага хүлээлгээд байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өчигдөр /2018.12.03/ өгсөн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Л.Болд гишүүнийн хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж зөвшилцөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын дарга М.Энхболдод өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа “Би хуулийн маш тодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулан цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн юм.